Шууд Chart

Украины боомтуудад 1,2 сая тонн ачаа бүхий 68 хөлөг байна

2022-08-03 12:16:54

Өнөөдрийн байдлаар, Украины боомтууд дээр 1,2 сая тонн ачаа бүхий 68 хөлөг онгоц замд гарахаар хүлээгдэж байна гэж Украины боомтуудын захиргаанаас мэдээллээ. 26 тонн эрдэнэ шиш ачсан хамгийн эхний хөлөг онгоц өнгөрсөн даваа гарагт Одессийн боомтоос замдаа гарсан. Араас нь замд гарах, эхний ээлжийн 16 хөлөг хөдлөх зөвшөөрлөө хүлээж байгааг Украины боомтуудын захиргааны төлөөлөгч мэдээлсэн байна. Тэдгээр онгоцонд ачаалсан нийт ачааны гуравны хоёрыг дэлхий даяар хүлээлт үүсгээд байгаа улаан буудай, ургамлын тос, эрдэнэшиш зэрэг хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ.

Одессийн боомтоос үр тариатай эхний онгоц замд гарсанд Украины тариаланчид ихээхэн баяртай байгааг салбарын төлөөлөгч нь ярьж байна. Украины үр тарианы холбооны тэргүүн Сергей Ивашенко үүнийг, “Украины нийт ХАА-н салбарынханд баяртай мэдээ боллоо” гэжээ. Түрүү жилийн ургацын 25 сая тонн орчим улаан буудай, эрдэнэ шиш болон бусад үр тариа нөөцөд байгаа, хэрэв экспорт дахиад тодорхойгүй хугацаагаар саатвал хөдөө аж ахуйн салбарын талаас илүү хувь нь дампуурах аюул нүүрлэнэ гэж тэр ярьсан байна.

Бүх Украины хөдөө аж ахуйн зөвлөлийн дэд тэргүүн Денис Марчук “Дэлхий украины үр тариаг хүлээж байгаа, тиймээс бидний хувьд, сар хагасын дотор 3 боомтоороо дамжуулж 3-3,5 сая тонн үр тариа гаргах үзүүлэлтэд хүрэх нэн чухал байна” гэж ярьжээ. Ерөнхийлөгч Зеленский экспорт сэргэснийг, дэлхийн хүнсний хямрал даамжрахаас сэргийлэх эхний нааштай дохио” гэж үнэлжээ.

Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, “Гэхдээ ямарваа нэг дүгнэлт хийж, цаашдын үйл явдлыг таамаглахад одоогоор эрт байна. Боомт ажиллагаанд орж, экспортын үйл явц сэргэсэн нь эхний нааштай дохио болж байна. Одоо бүх зүйл, аюулгүй байдлын шаардлагуудыг хэр хангахаас шалтгаална. Энэ бол юун түрүүнд, түншүүдийн маань, ялангуяа НҮБ болон Туркийн үүрэг хариуцлага” хэмээн мэдэгдэв.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, "Анх замд гарсан “Разони” нэрт хөлөг эрдэнэшиш болон итгэл найдвар гэсэн хоёр янзын ачаа тээж явна. Гэр бүлээ тэжээн тэтгэх гэж Украины боомтуудын зүг хараа чилээхээс өөр аргагүй болсон дэлхий даяарх сая сая хүмүүсийн итгэл найдварыг тээж яваа юм.Энэ хөлөг замдаа гарсан нь Хар тэнгисийн Үр тарианы санаачилгын” анхны тодорхой үр дүн боллоо” гэв.

Мөн тэрбээр энэ үйл явцад нэн чухал үүрэг гүйцэтгэж буй түнш Турк улсад талархал илэрхийлжээ. Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мөн, үр тариа тээвэрлэсэн эхний хөлөг замдаа гарсныг үйл явдлын “нааштай өрнөл” гэж дүгнэлээ. Олон улсын удирдагчид мөн энэ тухайд болгоомжлох өнгө аястай боловч сайшаасан мэдэгдлүүд хийж байна.

Их Британий гадаад яамны сайд Лиз Трасс үүнийг “анхны чухал алхам” гэж дүгнэсэн бол, Европын холбооны төлөөлөгч Петер Стано “Дэлхий даяар Украины экспортыг сэргээх хэлэлцээрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг Орос бүрдүүлж өгөх ёстой” гэжээ.

НҮБ болон Туркийн зуучлалтайгаар өнгөрөгч сард байгуулагдсан хэлэлцээр 120 хоног буюу 3 сарын хугацаанд хэрэгжих товтой. Орос, Украин улсууд хамтдаа, дэлхийн улаан буудайн зах зээлийн 3/2 хувийг хангадаг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины боомтуудад 1,2 сая тонн ачаа бүхий 68 хөлөг байна   
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй