Шууд Chart

Антонио Гутерреш: Нэг алдаа гарахад дэлхийг “цөмийн сүйрэл” нөмөрнө

2022-08-03 12:25:24

“Ганц л алдаа гаргавал дэлхийг цөмийн дайн нөмрөхөд ойрхон байна. Хүйтэн дайнаас хойш үзэгдээгүй аюул хүн төрөлхтнийг нөмрөөд байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сэрэмжлүүллээ. Тэрбээр, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдсэн орнуудын бага хурлыг нээж үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна. Даваа гарагт Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд ажлаа эхэлсэн бага хурлаар, дээрх гэрээнд нэгдсэн 191 улсын төлөөлөгчид цөмийн зэвсгийг хорогдуулах хүчин чармайлтыг хэлэлцэж байна.

НҮБ-ын тэргүүн хэлсэн үгэндээ, улс орнуудыг буулт хийж, цөмийн зэвсгээс ангид байх тухайд нэгдмэл байр суурьтай байхад уриалсан байна.

Мөн энэ сарын 6-ны өдөр Хирошима хотноо 1945 оны АНУ-ын атомын бөмбөгдөлтийн ойд зориулсан ёслолд оролцохоо Гутерреш мэдэгдлээ. Түүний айлчлал тус бага хурлын ач холбогдлыг тодотгоход чиглэх болно гэж Гутерреш мэдэгджээ. Тэрээр цааш хэлсэн үгэндээ, Украины хямрал, Солонгосын хойгийн зөрчилдөөн, Ойрхи Дорнодын хямралаар жишээлэн өнөөгийн дэлхий ертөнцөд хямрал зөрчил урьд байгаагүйгээр хурцадсныг тэмдэглээд, “эрсдлийг бууруулах хангалтгүй. Цөмийн зэвсгийг устгах нь ийм зэвсэг ашиглахгүй байх цор ганц баталгаа болно. Үүний төлөө бид цуцалтгүй ажиллах ёстой” гэж мэдэгджээ.

Мөн энэ бага хурлын үеэр, Франц, АНУ, Их Британий Гадаад хэргийн сайд нар Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг дэмжиж байгаагаа илэрхийлж, Оросыг  аюултай цөмийн үзэл баримтлалаасаа татгалзаж, цөмийн дайн гаргуулахгүй байхад уриалсан хамтарсан мэдэгдэл гаргалаа. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мөн тусгайлан мэдэгдэл хийж, “өөрийнх нь засаг захиргаа, 2026 онд дуусах Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гуравдах гэрээний оронд мөрдөх хяналтын шинэ систем бий болгох асуудлыг шуурхайлан хэлэлцэхэд бэлэн байгааг” мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин тус бага хуралд илгээсэн захидалдаа, ОХУ Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг ёсчлон дагадаг гэж мэдэгдээд, “цөмийн дайнд ялагч үгүй” гэдгийг тэмдэглэжээ.

Японы ерөнхий сайд Кишида хурлын төлөөлөгчдөд хандан "энэхүү бага хурлаас ач холбогдолтой үр дүн гаргахын төлөө хүчээ нэгтгэхэд" уриалаад, дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс бодитойгоор ангижруулахад чиглэсэн таван зүйл бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний бага хурал 5 жилд нэг удаа болдог.

Аравдах удаагийн уулзалт нь 2020 нд болох ёстой байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон юм байна. Бага хурал энэ сарын 26-ныг хүртэл дөрвөн долоо хоног үргэлжилнэ.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд өнөөдрийн байдлаар дэлхийн 191 улс нэгддэг. Харин, цөмийн зэвсэгтэй байж болзошгүй гэгддэг Энэтхэг, Израиль, Умард Солонгос, Пакистан дөрвөн улс нэгдээгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Антонио Гутерреш: Нэг алдаа гарахад дэлхийг “цөмийн сүйрэл” нөмөрнө   
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй