Шууд Chart

БНХАУ Тайваний хоолойд пуужингийн туршилттай цэргийн сургуулилалт хийнэ

2022-08-03 13:16:59

АНУ-ын төлөөлөгчдийн танхимийн дарга Нэнси Пелоси Тайваний аралд айлчлах тухай мэдээлэл гарсан цагаас БНХАУ-ын засгийн газар ийм айлчлал хийхийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байсан билээ.

Айлчлалтай холбогдуулан Хятадын чөлөөлөх арми урьд шөнөөс эхлэн Тайваний арлын эргэн тойронд цуврал цэргийн үйл ажиллагаа эхлүүлсэн тухай CGTN телевиз мэдээлж байна. Мэдээллээс үзвэл, Ардын чөлөөлөх армийн дорнод бүсийн армийн командлал Тайвань арлын хойд, баруун өмнөд болон зүүн өмнөд усан болон агаарын орон зайд цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилалт явуулахаар болжээ.

Мөн Тайванийг тойрсон зургаан бүс байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Мөн Тайваний хойгт хол тусгалын галын сургуулилт, пуужингийн туршилт явуулах юм байна.

Синхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын армийн сургуулилт Тайваний өмнөд хэсгийн боомт Каошюн хотоос 20 орчим км-ийн зайд болох аж.

Пелосийг Тайваньд буусны дараахан Бүх Хятадын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөл хэмээх улстөрийн гол зөвлөх чиг үүрэг бүхий байгууллагаас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын Тайваньд хийж байгаа айлчлалыг эрс буруушааж байгаагаа илэрхийлж, “Энэ бол улстөрийн томоохон өдөөн хатгалга” гэж мэдэгдсэн.

Мөн ийм агуулгатай мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнөө өглөө хийлээ. Тэрбээр, "Тайванийг Хятадад буцаан нэгтгэх нь зайлшгүй түүхэн шаардлага болж байна" гэдгийг мэдэгдэлдээ цохон хэлжээ. “Үндэстнээ бүрэн эргэн нэгтгэх үйл явцыг хэрэгжүүлэх нь ерөнхий чиг хандлага бөгөөд түүхэн шаардлага болж байна” гэж Хятадын Гадаад яамны албан ёсны сайтад нийтэлсэн Ван И-ийн мэдэгдэлд онцолсон байна.

“Хятад улсын эргэн нэгдэх их үйл хэрэгт саад хийх мөрөөдөл тээхгүй байхыг” ч гадаад хэргийн саяд Вашингтонд зөвлөжээ. Мөн, Хятад улс Тайванийг тусгаар улс болгох эрмэлзэлтэй хүчнүүдэд оршин тогтнох орон зай үлдээхгүй гэдгээ Хятадын гадаад яамны сайд мэдэгдлээ. Тэрбээр, Хятадын хөгжлийг саатуулахад Тайванийг ашиглах оролдлогууд хэзээд бүтэлгүйтэх болно гэдгийг дурдаад, Ази-Номхон далайн бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэх зорилгод “Тайваний гэх хөзөр”-өөр наадахаа нэн даруй зогсоохыг АНУ-д уриалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Тайваний хоолойд пуужингийн туршилттай цэргийн сургуулилалт хийнэ  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй