Шууд Chart

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилж байна

2022-08-03 13:29:51

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Ази тивийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчилж байна.

Айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр Тайваны хууль тогтоох байгууллагад зочилж, Нэнси Пелоси Тайваны ерөнхийлөгч Цай Инвэнтэй хэлэлцээ хийлээ. Нэнси Пелоси, 1997 оноос хойш буюу, сүүлийн 25 жилийн хугацаанд, Тайваньд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болж байна. АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга, Нэнси Пелоси тэргүүтэй АНУ-ын конгрессын гишүүд, Мягмар гарагийн орой Тайваний нийслэл Тайпей хотноо хүрэлцэн очлоо.

Түүнийг Тайванийн гадаад хэргийн сайд Жозеф Ву, АНУ-ын Тайван дахь төлөөлөгч Сандру Оудкирк нар угтан авчээ. Тайпейд буусны дараахан Нэнси Пелоси өөрийн твиттер хуудсаар анхны мэдэгдлээ хийж, АНУ Тайванийн 23 сая ард иргэдтэй эв санаа нэгтэй байгаагаа дахин нотолж, цаашдаа ч энэ харилцаагаа илүү бататгахын чухлыг онцолжээ.

Тэрбээр айлчлалынхаа зорилгыг Тайваны ардчиллыг АНУ тууштай дэмжиж байгааг нотлон харуулах зорилготой, нийтлэг ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах асуудлаар Тайваны эрх баригчидтай зөвшилцөх, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх тухай хэлэлцэх хэмээн мэдээлжээ. Нэнси Пелоси өнөөдөр Тайванийн хууль тогтоох байгууллагын дэд дарга Цай Чи Чанг-тай парламентын ордонд уулзалт хэлэлцээ хийлээ. 

АНУ-ын өндөр дээд албан тушаалтны энэ айлчлал, ардчилал, эрх чөлөөний үнэ цэнийг хамгаалж, бататгасан үйл явдал боллоо гэж Тайваний хууль тогтоох байгууллага буюу Юаны дэд дарга онцолжээ.

Нэнси Пелоси Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй уулзалт хийсэн байна. Түүний айлчлалын бусад маршрутын тухайд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж гадаад хэргийн яамнаас нь мэдээлжээ.

Нэнси Пелосийн Тайваньд хийж буй айлчлалыг дэмжиж, АНУ-ын сенатын 25 гишүүн мэдэгдэл гаргасан байна. Энэ мэдэгдэлд, 1979 онд АНУ-ын конгрессын баталсан Тайваньтай харилцах харилцааны тухай гурван хууль тогтоомжийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэдгээ онцолжээ. Тодруулбал, АНУ-ын засаг захиргаа 1979 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон боловч Тайвань арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Тайваний асуудлаарх АНУ-ын баримталдаг байр суурь зарчмыг энэ айлчлал зөрчөөгүй, Конгресс бие даасан, засгийн газартай эрх тэгч байгууллага учраас, төлөөлөгчдийн танхимын даргын Тайваньд айлчлах эсэх нь цэвэр өөрийнх нь шийдвэр гэж Төрийн нарийн бичгийн дарга Блинкен мэдэгджээ.

Нэнси Пелосийн энэ айлчлалаас өмнө нь 1997 онд тухайн үеийн Төлөөлөгчдийн танхимын дарга Ньют Гингрич Тайваньд айлчилж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилж байна  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй