Шууд Chart

Кени Улсын мөрийтэй тоглоомын салбарт мөнгө угаах эрсдэл өндөр байгааг тогтоожээ

2022-08-09 11:00:53

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлангийн үнэлгээгээр спортын бооцооны салбарын эрсдэл дунджаас дээш болж өөрчлөгдсөнийг Кени Улсын өдөр тутмын хэвлэл болох Де Стар Кени мэдээлэв. Түүнчлэн уг тайланд дурдсанаар тус улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй тэмцэх үндэсний хэмжээний үйл ажиллагаанд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, хадгаламж зээлийн хоршоо, хуулийн үйлчилгээ, хуучин автомашины наймаа зэрэг салбар ихээхэн эрсдэл учруулж байна гэж зохицуулах байгууллага үнэлжээ.

Арилжааны банкууд эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаатай холбоотойгоор банкны салбарыг үндэсний мөнгө угаах эрсдэлд хамгийн их нөлөөлсөн салбар гэж уг тайланд үнэлсэн байна.

Мөн хуулийн зөвлөгөө өгдөг салбар нь хуульчид үйлчлүүлэгчийнхээ хийсэн гүйлгээтэй холбоотойгоор мөнгө угаах гэмт хэрэгт багагүй өртөж байгааг уг тайлангаар тогтоожээ.

Дээрх тайлангаар гаргасан бас нэгэн сонирхолтой дүгнэлт нь тус улсад автомашины арилжааны салбар, тэр дундаа хуучин машин борлуулагчид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл их байгааг онцолсон.

Иймд хуульчид болон автомашины худалдаачид Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг дагаж мөрдөх зөвлөмжийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний тайланд оруулжээ.

"Энэ байдал нь зөвхөн эдгээр салбарт тулгарч буй аюулыг харуулаад зогсохгүй эдгээр салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоо харьцангуй сул байгааг харуулж байна" гэж мөн уг тайланд дурджээ.

Уг тайланд дурдсанаар "сэжигтэй" банкны данс нээх, сэжигтний мэдээлсэн орлогын эх үүсвэрт нийцэхгүй мөнгөн хадгаламж хийх зэрэг Кени улсад тохиолдож буй мөнгө угаах хамгийн түгээмэл арга замыг үнэлж, шалгасан. Дээрх арга замаар банкны дансанд их хэмжээний мөнгө орлогодсон боловч мөнгөө эргүүлэн татаагүй тохиолдлууд нэлээд их гарсаныг сэжиг бүхий нөхцөл байдал гэж үзсэн.

Тус улсын хувьд мөнгө угаах гэмт хэргийн хүрээнд залилан мэхлэх, хуурах, авлига, хар тамхины наймаа, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, татвараас зайлсхийх зэрэг зөрчил зонхилж байна гэж уг тайланд дүгнэжээ.

Мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд хэрэгт холбогдохоос зайлсхийх зорилгоор орлогын эх үүсвэрийг шаардах босго дүнгээс доогуур хэмжээний мөнгө байршуулдаг байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг 2020-2021 оныг хамруулсан, Дэлхийн банкнаас гаргасан арга аргачлалаар хийжээ. Хамгийн сүүлд гаргасан энэхүү тайлан нь Кени улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүй, зохицуулалт, институцийн тогтолцооны алдаа, дутагдлыг тодорхойлоход ач холбогдолтой юм.

Эх сурвалж: https://africa.businessinsider.com


Кени Улсын мөрийтэй тоглоомын салбарт мөнгө угаах эрсдэл өндөр байгааг тогтоожээ  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй