Шууд Chart

Украины эрдэнэ шиш ачсан эхний усан онгоц гацаанд оржээ

2022-08-09 16:20:47

НҮБ-ын зуучлалтай хэлэлцээрийн дүнд хамгийн анх Украинаас хөдөлсөн эрдэнэ шиш ачсан усан онгоц, худалдан авагч тал ачааг хүлээн авахаас татгалзсаны учир гацаанд оржээ.

Ливан дахь эцсийн худалдан авагч “тээвэрлэлт хэт удаан саатсан” гэдэг шалтгаанаар ачааг хүлээж авахаас татгалзсан талаар тус улс дахь Украины Элчин сайдын яам даваа гарагт “Твиттер” хуудсаараа мэдээлжээ.

Улмаар илгээгч тал одоо Ливан эсвэл өөр улсад ачааг нь хүлээн авах худалдан авагч хайж байна гэж тус Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

12 мянган тонн эрдэнэ шиш ачсан ачааны усан онгоц наймдугаар сарын 1-ний өдөр Оросын бүслэлтэд орсон Хар тэнгисийн боомтоос Украины үр тарианы экспорт сэргэсний тэмдэг болон Одессийн боомтоос замд гарсан юм.

Тухайн усан онгоц өнгөрөгч долоо хоногт Ливаны боомтод хүрсэн байх учиртай байсан. Гэвч даваа гарагийн байдлаар уг онгоцноос боомт руу нэвтрэх хүсэлт мэдүүлээгүй гэдгийг Ливаний эрх баригчид мэдэгдсэн байна.

Өөр нэг эх сурвалжийн мэдээгээр, уг онгоц Туркийн өмнөд эрэгт түр зогсчээ. Үүний зэрэгцээ Украины Одесс хотын гурав дахь боомт үйл ажиллагаагаа сэргээж, үр тарианы экспортын тээвэрлэлт хийх хүсэлтүүд хүлээн авч эхэлсэн байна.

Одесс мужийн цэргийн командлалын төлөөлөгч даваа гарагт энэ тухай мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар Украины боомтуудаас 322 мянган тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэгдэн гарсан, үүний дийлэнх хувийг эрдэнэ шиш эзэлж байгаа бол наранцэцгийн тос, шар буурцаг мөн багтжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины эрдэнэ шиш ачсан эхний усан онгоц гацаанд оржээ  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй