Шууд Chart

Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 77 жил өнгөрч байна

2022-08-09 17:21:44

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш өнөөдөр 77 дахь жил нь тохиож байна.

Атомын бөмбөгдөлтөд амь эрсэдсэн хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх гэсэн хүмүүс өглөөнөөс эхлэн Нагасаки хотын төв цэг орчимд байдаг Нагасакийн Энх тайвны цэцэрлэг зэрэг газарт цуглажээ.

Нагасаки хот дахь дурсгалын арга хэмжээнд Японы Ерөнхий сайд Фумио Кишида болон гадаад улс орнуудын төлөөлөгч зэрэг 1700-аад хүн оролцож буй юм байна.

Улмаар "Ковид-19" цар тахлын улмаас эрс хумигдаад байсан сүүлийн хоёр жилийн ёслолынхоос даруй гурав дахин олон хүнтэй болж байна. Атомын бөмбөгдөлтөд амь эрсэдсэн 192 мянга 310 хүний нэрсийн жагсаалтыг мөн дурсгалын цогцолборт энэ үеэр байрлуулна.

Сүүлийн нэг жилд өөд болсон 3160 хүний нэрс мөн энд багтах юм байна. Ёслолд оролцогчид 1945 оны наймдугаар сарын 9-ний өдөр атомын бөмбөг унасан 11 цаг 02 минутад нэг минут дуугүй зогсч хүндэтгэл үзүүллээ.

Накасаки хотын дарга Тауэ Томихиша Энх тайвны тунхагийг уншиж сонордуулжээ. Тэрбээр Тунхагтаа Орос улс Украинд халдан довтолсний улмаас Оросын цөмийн аюул занал нэмэгдсэнтэй холбогдуулан цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө уриалга дэвшүүлсэн байна.

Мөн Япон улсын Засгийн газрыг Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай НҮБ-ын гэрээнд нэгдэхийг уриалжээ. Өнгөрсөн жил хүчин төгөлдөр болж батлагдсан тус Гэрээнд АНУ, ОХУ зэрэг цөмийн зэвсэгтэй гүрнүүд мөн өнөө хэр нэгдээгүй байгаа юм.

Нагасаки хотын иргэд өнөөдрийн турш цөмийн аюулт сүйрлийн талаар ярьж, бичиж, мөн хотыг нь нэрвэсэн цөмийн аюул даян дэлхийд сүүлчийнх нь байг гэсэн захиас, сэрэмжлүүлгээ илгээж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 77 жил өнгөрч байна   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй