Шууд Chart

Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулах төслийн тайлангийн хурал болов

2022-08-09 17:40:12

БНСУ-ын КОТРА (Korea Trade-Investent Agency) буюу Гадаад худалдааны агентлагаас мэдлэг хуваалцах хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ” боловсруулах төслийн үр дүнг танилцуулах тайлангийн хурал өнөөдөр боллоо.

Хурлыг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, тус төслийн тэргүүн зөвлөх Ё Хёнг Гү нар үг хэлэв. Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, тус яамнаас гаргасан хүсэлтийг хүлээн авч, дэмжин ажиллаж байгаа БНСУ-ын KOTРA, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг, төслийн багийн эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлэв. Түүнчлэн энэхүү төсөл нь Монгол Улсад тээвэр, логистикийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлнэ гэдэгт найдаж байгааг дурдав.

Төслийн ахлах судлаач И Сан Чоль төслийг хэрэгжүүлэхэд гурван үе шаттайгаар зохион байгуулах боломжтойг, зардал, эдийн засгийн үр ашгийн тооцоо, бүс нутгийн хэмжээнд гарах эерэг үр дагаврууд, судалгааг дэлгэрэнгүй танилцуулж, харилцан санал солилцов. 

Монгол Улсын Засгийн газраас Алтанбулаг хилийн боомтод логистикийн төв байгуулах асуудалд онцгой анхаарч, бодлого чиглэлийг тодорхойлоод байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн зорилтод “Дамжин өнгөрүүлэх тээвэр, худалдаа, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг тээвэр, логистик, хилийн дэд бүтцийн хамт байгуулан эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангана”; “Хөдөө аж ахуй, тээвэр логистик, төрөлжсөн аялал жуулчлалын салбарыг бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих замаар хөгжүүлнэ” гэж заасан юм. Монгол Улсын чухал ач холбогдол бүхий хилийн боомтуудын нэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт билээ.

Эх сурвалж: ЗТХЯ


Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулах төслийн тайлангийн хурал болов  
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй