Шууд Chart

АНУ-д дотоодын чип үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл батлав

2022-08-10 12:04:46

АНУ-ын Хятадтай өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтынхаа хүрээнд Ерөнхийлөгч Жо Байден өндөр технологийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд 280 тэрбум долларын санхүүжилт олгох хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Мягмар гарагт Цагаан ордонд болсон ёслол дээр Байден уг хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.

“Чип болон шинжлэх ухааны тухай” хэмээх энэ хууль нь дэвшилтэт технологи, цэргийн салбарт ач холбогдол нь улам бүр нэмэгдэж байгаа хагас дамжуулагчийг дотооддоо үйлдвэрлэж, хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой байна. Энэ төрлийн бүтээгдэхүүний дэлхийн үйлдвэрлэлд АНУ-ын эзлэх хувь буурч, тус улс Тайвань болон бусад улсаас импортоор авах болжээ. Хятад улс дотоодын чипийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд төрөөс анхаарч дэмждэг.

Жо Байдений засаг захиргаа ч эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс энэ салбарыг сэргээхийг зорьж байна. Хагас дамжуулагчийг дотооддоо үйлдвэрлэснээр амьжиргааны өртөг буурч, ажлын байр бий болгох ач тустай гэж Ерөнхийлөгч онцолжээ. Шинээр батлагдсан хуулийг тэрээр, “Америкийн өөртөө оруулж байгаа нэгэн үеийн хөрөнгө оруулалт” гэж нэрлээд ингэснээр АНУ-ыг “дараагийн хэдэн арван жил дэлхийд тэргүүлэх байр сууринд” гаргах зорилготой гэдгийг тэмдэглэжээ.

Мөн энэ хууль ирэх 11 дүгээр сард болох завсрын сонгуульд Ардчилсан намд чамгүй дэм үзүүлнэ гэж найдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д дотоодын чип үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл батлав  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй