Шууд Chart

Кубын гал сөнөөгчид нефтийн агуулахад гарсан гал түймэртэй тэмцсээр байна

2022-08-10 12:24:34

Кубын баруун хэсэгт орших газрын тос хадгалах агуулахын дөрөв дэх нөөцлүүрт гал авалцжээ. Эрчим хүчний хямралд ороод байгаа тус арлын амин чухал түлшний нөөц асар хүчтэй гал түймэрт ийнхүү шатаж байна.

Кубын Матанзас мужид дэгдсэн энэ түймрийг дарахад тусалж байгаа Мексик болон Венесуэлийн гал сөнөөгчид, мэргэжилтнүүд завь, нисэх онгоц, нисдэг тэргүүд ашиглан галын дээрээс хөөс цацаж эхэлсэн байн. Түймрийн ойр ормын хэт халуунаас болж гал унтраах багууд үүнээс өмнө ийм арга хэмжээ авч хүчрэхгүй байжээ. Гал сөнөөгчид галд өртсөн бүсийг хяналтдаа авч, түймрийг унтраах арга хэмжээ авч байгаа талаар Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канель мэдэгджээ. Матанзасын газрын тосны агуулахад гарсан түймрийн улмаас нэг хүний амь эрсдэж, 125 хүн гэмтэж түлэгдсэн, өөр 14 гал сөнөөгч сураггүй хэвээр байгаа аж.

Мөн түймрийн улмаас дулааны гол цахилгаан станц усгүй болж, эрчим хүчний нэмэлт саатал үүсэх эрсдэл үүссэн тул станцыг хааж, 4900 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь түлэгдсэн, угаартсан оноштойгоор эмчлүүлж байна. Хорь гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас тавынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна. Матанзас дахь нийт найман нөөцлүүр бүхий байгууламж Кубын цахилгаан эрчим хүчний системд чухал үүрэгтэй юм.

Эднийх Кубын түүхий нефтийг хүлээн авч, улмаар дулааны цахилгаан станцууд руу дамжуулдаг өргөн хүрээтэй газрын тосны хоолойг ажиллуулдаг. Мөн импортын түүхий тос, мазут, дизель түлшийг буулгах, шилжүүлэх ачих төв юм. Баасан гаригийн орой нэг нөөцлүүр аянгад өртсөний улмаас амралтын өдрүүдийн туршид хэд хэдэн дэлбэрэлт болж, улмаар байгууламж галд автжээ. Эхний сав 50хувь орчим хувийн дүүргэлттэй буюу бараг 25 мянган шоо метр түлш агуулж байжээ. Харин хоёр дахь нөөцлүүр дүүрэн байсан байна. Албаныхан хохирлын дүнг одоогоор мэдээлээгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кубын гал сөнөөгчид нефтийн агуулахад гарсан гал түймэртэй тэмцсээр байна   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй