Шууд Chart

БНХАУ Тайванийн орчимд хийсэн цэргийн сургуулилалтаа өндөрлөжээ

2022-08-11 12:39:04

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн Тайваньд хийсэн айлчлалын улмаас Тайванийн эргэн тойронд өргөн хүч бүрэлдэхүүнтэйгээр явуулсан цэргийн сургуулилалт нь дууссаныг Хятад улс зарлажээ. Зүүн тэнгис орчмыг хариуцдаг Хятадын ардын чөлөөлөх армийн Зүүн жигүүрийн цэргийн командлал лхагва гарагт энэ тухай мэдээлэл хийсэн байна.

Тайванийн эргэн тойрны усан болон агаарын орон зайд явуулсан цэргийн олон бүрэлдэхүүнт цуврал сургуулилалтаар төрөл бүрийн даалгавруудыг амжилттай гүйцэтгэж, цэргүүдийн байлдааны нэгдмэл ажиллагааны ур чадварыг үр дүнтэй туршин өндөрлөлөө гэж мэдээлэлд дурджээ.

Үүний зэрэгцээ тус цэргийн командлал Тайванийн хоолой дахь нөхцөл байдлын өөрчлөлтийг анхааралтай ажиглах болно гэж мэдэгдэв. Мөн улсынхаа бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг хамгаалах үүднээс тус бүс нутагт байнгын бэлтгэл сургуулилалт хийж, байлдааны бэлэн байдлын үзлэгийг тогтмол зохион байгуулахаа нэмж дурдсан байна.

Хятадын арми, өнгөрөгч пүрэв гарагаас эхлүүлсэн энэ удаагийн цэргийн сургуулилалтыг ням гараг хүртэл хийнэ гэж мэдэгдэж байсан боловч энэ 7 хоногийн даваа, мягмар гарагуудад мөн үргэлжлүүлсэн юм.

Энэ зуур АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Ази дахь айлчлалаа өндөрлөснөөс хойш өчигдөр анх удаа хэвлэлийнхэнтэй уулзах үедээ, өөрийнх нь Тайваньд хийсэн айлчлалыг цэргийн сургуулилалт явуулах шалтаг болгон ашигласан гэж Хятад улсыг буруутгасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Тайванийн орчимд хийсэн цэргийн сургуулилалтаа өндөрлөжээ   
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй