Шууд Chart

БНАСАУ-ын удирдагч улс нь коронавирусийг ялсан гэж мэдэгджээ

2022-08-11 12:45:00

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун халдварт өвчний эсрэг арга хэмжээний асуудлаарх хурал дээр, улсдаа коронавирусыг ялсан тухай мэдэгджээ. Умардын төв мэдээний агентлаг энэ тухай мэдэгдсэнийг “Ёнхап” уламжилсан байна.

Халуурч ханиалгасан шинэ тохиолдол бүртгэгдээгүй хоёр долоо хоног орчим болж байгаа гэсэн тус улсын халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх төвийн мэдээллийг Мэдээний төв агентлаг нь мөн иш татжээ. Тархалт эхэлсэн энэ оны дөрөвдүгээр сарын сүүл үеэс хойш тус улсад 4 сая 770 мянган хүн халуунтай ханиадаар өвдөж, 99,99 хувь нь эдгэрсэн гэж мэдээлэлд мөн дурдсан байна. Хамгийн сүүлд мэдээлснээр, 74 өвчтөн нас баржээ.

Вирусний эсрэг гурван сарын кампанит ажлынхаа амжилтыг тэмдэглэхийн хамт Ким Жон Ун халдвар хамгааллын онцгой дэглэмийг хэвийн түвшинд болгож бууруулах шийдвэрээ зарласан байна. Үүний зэрэгцээ тэрээр дэлхийн хэмжээнд "Ковид-19"-ын шинэ хувилбарууд болон сармагчны цэцэг өвчин тархаж байгааг анхааралдаа авч, вирусийг ахин дэлгэрүүлэхгүйн тулд хил орчмын бүсүүдэд илүү хатуу арга хэмжээ авч, сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ. Энэ зуур, умард солонгосын удирдагчийн дүү, Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны хэлтсийн дарга Ким Ё Жон вирусын хямралыг, сөргөлдөөнийг хурцатгах зорилгоор Өмнөдийн өдүүлсэн “хуурамч жүжиг” хэмээн мэдэгдэж, улсад нь вирус тараасан хэрэгт өмнөдийнхнийг буруутгасан байр сууриа ахин илэрхийлжээ.

Хоёр жил гарны туршид улсад нь коронавирус байхгүй гэж мэдэгдэж байсны эцэст Пхеньян өнгөрөгч 5 дугаар сарын 12-нд "Ковид-19"-ийн анхны тохиолдол илэрснийг зарлан, нийт улсынхаа хэмжээнд онц байдал зарлаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын удирдагч улс нь коронавирусийг ялсан гэж мэдэгджээ   
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй