Шууд Chart

НҮБ Украины цөмийн цахилгаан станцын орчимд цэрэг дайны ажиллагаагаа зогсоохыг анхааруулав

2022-08-12 12:44:32

НҮБ Украины өмнөд хэсэгт орших, Запорожийн цөмийн цахилгаан станцын эргэн тойронд явуулж буй цэрэг дайны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалж, үүнээс урган гарах аливаа сөрөг үр дагаврыг бүс нутаг төдийгүй дэлхий нийтэд гамшгийн үр дагаварт хүргэж болзошгүй гэж анхаарууллаа.

НҮБ-ын аюулгүйн зөвлөл ОХУ-ын хүсэлтийн дагуу Украины цөмийн цахилгаан станцын нөхцөл байдлыг хэлэлцэж байна. Сүүлийн үед Украины цөмийн цахилгаан станцад хэд хэдэн удаагийн зэвсэгт халдлага гарах болсон. Үүнд ОХУ болон Украины тал бие биеэ буруутгасан байр суурьтай байна.

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдааны хүрээнд олон улсын атомын энергийн агентлагийн захирал Рафаэль Гросси уг байгууллагын шинжээчид пуужингийн довтолгооны улмаас цөмийн станцын аюулгүй байдалд ямар нэг хор хохирол учраагүй гэсэн дүгнэлт гарсан. Гэвч нөхцөл байдал ямар ч үед өөрчлөгдөж магадгүй мөн Запорожийн нөхцөл байдал өдөр ирэх тусам аюул дагуулж байгааг олон улсад сануулжээ.

ОХУ Украинд явуулж буй цэрэг дайны ажиллагааны хүрээнд Оросын арми Запорожийн цөмийн цахилгаан станцыг мэдэлдээ авсан боловч станцын үйл ажиллагааг Украины тал хариуцан явуулсаар байгаа юм.

НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица, "Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийг уг станц руу илгээх удирдлагын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байна, бид Украины хяналтад байгаа нутаг дэвсгэрээр шинжээчдийн багийг дамжин өнгөрөхөд бүрэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэж байр сууриа илэрхийлжээ. Мөн Оросын армийг цөмийн цахилаан станц төдийгүй Украины нутаг дэвсгэрээс гарахыг Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр санууллаа.

НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя, "Цөмийн цахилгаан станц Оросын армийн мэдэлд байгаагийн хувьд станц руу ямар нэг байдлаар халдлага үйлдэхгүй" гэж мэдэгджээ.

Мөн ОХУ-ын талаас НҮБ болон олон улсын атомын энергийн агентлагийн удирдлагад хандаж дэлхий дахины өмнө үүрэг хариуцлагаа харуулж Запорожийн станцын аюулгүй байдалд заналхийлж буй бодит байдлыг харуулахыг уриалжээ.

Харин 2 талыг хэлэлцээний ширээний ард сууж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэх нь зүйтэй гэж НҮБ-д суугаа Хятадын байнгын төлөөлөгч Жан Жун байр сууриа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ Украины цөмийн цахилгаан станцын орчимд цэрэг дайны ажиллагаагаа зогсоохыг анхааруулав   
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй