Шууд Chart

АНУ-д шатахууны үнэ буурч байна

2022-08-12 12:53:33

Дэлхийн зах зээл дээр, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны ханш дээд цэгтээ хүрч өссөн. Тэгвэл АНУ-д өнгөрсөн 3 дугаар сараас хойш анх удаа хэрэглээний шатахууны үнэ 4 америк доллароос доошилж, 1 галлон шатахууны үнэ улс орон даяар 3 доллар 99 центийн үнэтэй худалдаалж байна.

Хэдийгээр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан ч энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар өндөр хэвээр байна. Шинжээчдийн хувьд АНУ-д шатахууны үнэ ойрын 10 хоногт буурсаар нэг галлон нь 3 доллар 70 цент хүрэх болов уу гэж таамаглаж байна. Ингэснээр Америкийн 2 машинтай энгийн нэг гэр бүлийн хувьд шатахууны зардал 100 америк доллароор буурна гэж Цагаан ордны эдийн засгийн зөвлөл үзэж байгаа аж.

Одоо АНУ төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд аялал жуулчлалын сарууд үргэлжилж байна. Америкийн жолооч нарын хэлж байгаагаар, өнгөрсөн 6 дугаар сард шатахууны үнэ дээд цэгтээ хүрч, нэг галлон нь 5 америк долларыг давж байжээ. Энэ нь тус улсад шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор инфляцыг хөөрөгдөх нэг шалтгаан болсон юм. Москва Украинд дайн эхлүүлж, барууны орнууд Оросын түүхий газрын тосны импортод хориг тогтоосноор дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ огцом өссөн. Шатахууны огцом өсөлтийг зогсоохын тулд Америкийн засаг захиргаа урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй стратегийн нөөцөөсөө өдөрт 1 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлж эхэлсэн.

Энэ нь ханш буурахад тодорхой нөлөө үзүүллээ гэж шинжээчид харж байна. Өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээр цагаан ордон стратегийн нөөцөөсөө 6 сарын турш өдөрт 1 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлэхээ мэдэгдсэн юм. АНУ-д өнгөрсөн 6 дугаар сард л гэхэд, газрын тосны ханш дунджаар нэг баррель нь 120 америк доллар давж дээд цэгтээ хүрч өссөн. Харин Пүрэв гаригийн байдлаар нэг баррель газрын тос дунджаар 92 америк доллар болтлоо огцом буурчээ.

Энэ нь нэг талдаа дэлхийн хэмжээнд газрын тосны нийлүүлэлтийн хямрал буурсантай холбоотой ч гэж зарим шинжээчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д шатахууны үнэ буурч байна   
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй