Шууд Chart

Бригадын генерал С.Дашзэвэг “Олон улсын цэргийн наадам”-ын шүүгчийн сертификат авлаа

2022-08-12 13:30:50

ОХУ-ын нийслэл Москва хотноо 8 дугаар сарын 13-28-нд зохион байгуулагдаж буй

“Олон улсын цэргийн наадам”-ыг зохион байгуулах хорооны гишүүн, Монголын талын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг уг наадмыг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж, тэмцээний шүүгчийн эрхийн сертификат, 3 дугаар зэрэглэлийн шүүгчийн тэмдгээ гардан авлаа.

Мөн “Армийн соёл, урлаг” тэмцээний музейн үзүүллэгийн төрөлд оролцох баг Алабино дахь “Дом дружба” хэмээх хээрийн ордонд “13 дугаар зууны морьтон дайчид” сэдэвт үзэсгэлэнгээ дэглэж эхэллээ. Энэхүү “Армийн соёл, урлаг” тэмцээний төрөлд нийт 17 орны 127 оролцогч дуу, хөгжим, бүжиг, музейн үзэсгэлэн төрлөөр өрсөлдөж байна.

Дээрх тэмцээнүүдэд оролцох Зэвсэгт хүчний багийг ахалж яваа бүрэлдэхүүн Монгол Улсаас Оросын холбооны улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Э.Энхтүвшинд бараалхан тэмцээнд оролцох бүрэлдэхүүн, тэдний бэлтгэлээ хангаж буй байдлын талаар мэдээлэл хийсэн.

Уулзалтын эхэнд бригадын генерал С.Дашзэвэг “Олон улсын цэргийн наадам”-ын талаар мэдээлэл өгсний зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдын өмнөх жилүүдэд оролцсон төрлүүд, гаргасан амжилт болон энэ удаагийн тэмцээний онцлог, багийн гишүүдийн талаар танилцууллаа.

Элчин сайд Ө.Энхтүвшин баг тамирчдад амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол Улсаас гадаад оронд суугаа анхны Элчин сайдын яамны хамт олныхоо ажил үйлсийн талаарх мэдээллийг хийж, тэмцээнд амжилттай оролцоход шаардагдах бүхий л талын тусламж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Бригадын генерал С.Дашзэвэг “Олон улсын цэргийн наадам”-ын шүүгчийн сертификат авлаа  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй