Шууд Chart

Дональд Трампын гэрээс нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд илрүүлжээ

2022-08-14 10:51:51

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд даваа гарагт Ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорида дахь эдлэнд нэгжлэг хийсэн тухай ихээхэн дуулиан тарьсан. Тэгвэл энэ нэгжлэгийн үеэр хураагдсан бичиг баримтууд дундаас 11 багц нууц баримт бичиг, түүний дотор “маш нууц” зэрэглэл бүхий хэд хэдэн баримт гарсан болохыг нотолж, АНУ-ын хууль зүйн яам өнгөрсөн баасан гарагт уг материалуудын жагсаалтыг дэлгэсэн байна.

Мөн тухайн нэгжлэгийг хийх эрх олгосон Холбооны шүүгчийн гарын үсэг бүхий зөвшөөрлийн бичгийг бас ил болгожээ. Тодруулбал, “Уолл стрит жорнал”-д мэдээлснээс үзвэл, нэгжлэгийн үеэр бичиг цаас, гэрэл зураг, гар бичмэлүүд зэрэг 20-иод хайрцаг зүйл хураагдсан. Тэдгээрийн дотор, Трампын ойрын хамтран зүтгэгч Рожер Стоунд Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэх зарлигийн эх, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны талаарх мэдээлэл зэрэг янз бүрийн түвшний нууцлал бүхий материал ч байжээ.

Дональд Трампын тухайд, өмнөх зарим ерөнхийлөгч нарын адилаар Цагаан ордноос явахдаа хувийн архивдаа албаны нэг хэсэг баримт материалыг авч явжээ. Хуулиараа, хуучин ерөнхийлөгч нарын баримт бичгүүдийг хадгалах эрх үүрэгтэй Үндэсний архивын газраас Ерөнхийлөгч асныг нууцад хамаарах материалуудыг архивд хүлээлгэж  шаардсан юм байна.

Гэвч энэ үйл явц хэт удааширсан тул Үндэсний архивын газраас энэ оны эхэнд Холбооны прокурорын газарт хандсан гэж “Ассошиэйтед пресс”-ийн мэдээнд дурдсан байна.

Трампын өмгөөлөгчид энэ тухайд, ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө тэрээр бүрэн эрхийнхээ дагуу тэдгээр баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргах зорилготойгоор ашиглаж байсан гэдэг тайлбар өгч байгаа гэнэ.

Харин Дональд Трамп өөрөө энэ тухайд баасан гарагт хийсэн мэдэгдэхдээ, эдлэнд нь нэгжлэг хийх үеэр хураагдсан бүх баримт бичиг нэгэнт нууцлалаас гарсан байсан гэж дурдаад, “ХМТ-ны ажилтнууд Мар-а-Лаго дахь эдлэнд нь дайран орж, улстөр хийлгүйгээр тэр баримт бичгүүдийг хүссэн цагтаа авч болох байсан” гэж мэдэгджээ. Мөн баримт бичгүүдийг зохих шаардлагын дагуу, давхар цоож цуурга бүхий хамгаалалттай газарт хадгалж байсан гэсэн байна. Америкийн түүхэнд анх удаа Ерөнхийлөгч асны орон байранд сүр дуулиантай нэгжлэг хийсэнд Трамп өөрөө болон Бүгд найрамдах намын нэр нөлөө бүхий олон улстөрчид ихээхэн хилэгнэж, үүнийг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохтой нь холбоотой хийгдэж байгаа ажил гэсэн байр суурь илэрхийлж байна.

Мөн нэр бүхий гишүүд энэ нэгжлэгийг зохион байгуулагчтай нь холбогдуулж, АНУ-ын хууль зүйн сайд, ерөнхий прокурор Гарландад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах тогтоолын төсөл Конгресст өргөн барьжээ. Нэгжлэг хийх зөвшөөрлийн бичигт зааснаар бол, Тагнан турших үйл ажиллагааны тухай акт болон нууц баримтуудтай харьцах харилцааг зохицуулдаг Холбооны хэд хэдэн хууль зөрчигдсөн байж болзошгүй үндэслэлээр одоогоор мөрдөн шалгалт үргэлжилж байгаа аж.

Мөн Ерөнхийлөгч асан Трамп өөрөө анхлан энэ нэгжлэг шалгалтын талаар олон нийтэд задруулсан учраас, угтаа мөрдөн шалгалтын нууцыг хадгалах, мөн шалгагдаж байгаа этгээдийн талаар зүй бус хэл шуугиан дэгдэхээс сэргийлэх чиг бодлого барьдаг боловч ийнхүү хэргийн талаар олон түмэнд мэдээлэл өгөхөөс аргагүйд хүрсэн гэдгээ АНУ-ын Хууль зүйн сайд Мэррик Гарланд мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трампын гэрээс нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд илрүүлжээ   
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй