Шууд Chart

Хятадын төрийн өмчит 5 компани Нью-Йоркийн хөрөнгийн биржийг орхихоо мэдэгджээ

2022-08-14 11:01:48

Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаа нь арилжаалагддаг компаниудын бүртгэлээс гарах тухайгаа Хятадын төрийн өмчит таван компани зарлалаа. АНУ биржийн журмаа чангатгасан нь ийм алхам хийх шалтгаан болсон гэж тус таван компани баасан гарагт мэдэгдсэн байна.

Тодруулбал, “Петро Чайна, “Синопек”, “Чайна лайф иншуренс” зэрэг, нийт 318 тэрбум долларын үнэлгээ бүхий 5 компани ийнхүү Уолл-стритыг орхин гарахаа мэдэгдсэн нь Америк-Хятадын санхүүгийн тусгаарлалт хурдацтай явагдаж байгааг илтгэсэн явдал боллоо гэж шинжээчид тэмдэглэж байна. Аудитын бүртгэл тооцоогоо АНУ-ын эрх бүхий байгууллагуудад бүрэн дүүрэн гаргаж өгөхгүй нөхцөлд биржийн бүртгэлээс хасна гэдэг Америкийн зохицуулагч байгууллагын анхааруулгад эдгээр компани хэдэн сарын өмнөөс ороод байсан аж. Ийм анхааруулгатай хувийн томоохон компаниудын тоонд хятадын онлайн худалдааны “Алибаба” холдинг мөн багтаж байна.

Энэ сацуу Бээжингийн зүгээс мөн, хилийн чанадад хувьцаа нь арилжаалагддаг хятадын пүүс компаниудад тавих хяналт шалгалтаа чангатгаад байгаа юм байна. Гэхдээ дээрх таван компанийн шийдвэр энэ төрлийн арилжаанд оролцдог бусад компанийн бүртгэлд нөлөөлнө гэж үзэхгүй байгаагаа Хятадын эрх баригчид мөн мэдэгджээ.

Энд дурдахад, хятад, АНУ хоёр америкийн төрийн хянан шалгах байгууллагууд АНУ-д бүртгэлтэй хятадын компаниудад аудит явуулахыг зөвшөөрөх эсэх дээр олон жилийн турш зөрчил маргаантай явж ирсэн байна.

АНУ-ын Санхүү аудитын хяналтын албанаас Хятадын компаниудад аудит хийдэг байгууллагууд мөн аудитын бичиг баримтуудтай танилцах бүрэн эрхийг шаарддаг бол, Хятадын тал үндэсний аюулгүй байдлын үүднээс хэмээн үүнд нь татгалзсаар иржээ.

Энэ асуудлаар Бээжин, Вашингтон зөвшилцөлд хүрэхгүй нөхцөлд  1,3 их наяд долларын үнэлгээ бүхий Хятадын 260 гаруй компани америкийн хөрөнгийн зах зээлийг орхих эрсдэл тулгарч мэдэхээр байгааг шинжээчид энэ завсар тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын төрийн өмчит 5 компани Нью-Йоркийн хөрөнгийн биржийг орхихоо мэдэгджээ   
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй