Шууд Chart

Менежерүүдийн өвчин буюу суугаа ажлын гай

2022-08-15 09:42:46

Өнөөдөр бид юм л бол суух дуртай болсон. Офиссын ширээ, жолоо, баарны текийн ард ... гээд бичээд байвал "00" өрөө хүртэл үргэлжлэх биз. Суугаа, хөдөлгөөнгүй байдлыг ямар ч чийрэг бие махбодь тэсдэггүй юм.

Суугаа амьдралын хэв маягт дасал болох тусам хангалттай олон асуудал үүсдэг. Зарим нь үүнийг огтхон ч анзаардаггүй. Гэсэн ч бүгд эрүүл мэндээ хөнөөчихсөн л байдаг. Суугаа ажилтай хүмүүсийн олонх нь эрчүүд тэр тусмаа “топ” менежерүүд байдаг гэх. Суугаа ажлын эрүүл мэндэд хүргэж буй хор уршгийг дурдъя.


Том гэдэс

Суугаа ажилтай хүмүүсийн хувьд өнөөдөр хамгийн их асуудал үүсгэж байгаа нь өнөөх “цуутай” гэдэс, гүзээ, харвин. Энэ нь юуны түрүүнд, эрчүүдэд илүү хамаатай. Эрчүүдийн өвчин. Эр хүний бие махбодид хуримтлагдсан өөх нь эмэгтэй хүнийхээс эрс өөр гэнэ. Энэ нь зөвхөн гаднаас харахад л ялгаагүй мэт байдаг ч үнэн хэрэгтэй бол эрэгтэй хүний биед өөх нь тун онцлог газар буюу бие организмын бүр дотор гүнд хуримтлагддаг байна.

Эрчүүдийн хувьд илүүдэл өөх нь ихэвчлэн гэдэс дотрыг бүрхэн байдаг сэмжинд үүсдэг. Энэ сэмж нь яваандаа өөхөлж зузаарч эхэлдэг. Энэ бол хамгийн аюултай зүйл. Яагаад гэвэл үүнийг бие организмаас зайлуулах ямар ч бололцоогүй байдаг юм. Үр дүнд нь эрчүүд “жирэмсэн” мэт том гэдэстэй болцгоодог.

Дахин давтан сануулахад эрчүүдийн тарга эмэгтэйчүүдийнхээс эрс ялгаатай, эрүүл мэндэд маш хортой нөлөөтэй. Өөх нь эхлээд зүрхэнд дараа нь уушиганд хуримтлагдаж, дараа нь бусад эд эрхтэн, бие махбодид нөлөөлдөг. Эхэндээ амьсгаадан, амьсгал давхцдаг болно. Аажимдаа зүрхэнд өвдөлт мэдрэгдэнэ.

Иймээс эмэгтэйчүүд биш харин эрчүүд өөрийн бие галбиртаа ихээхэн анхаарал хандуулах ёстой юм. Бага дээр нь. Өөрөөр хэлбэл, бүр 18 – 20 наснаасаа эхлэн бие галбираа хадгалах тусгай программыг боловсруулсан байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэг байдлаар гүзээ суух шинж тэмдэг илэрвэл хэдийнээ хоцорсон гэж үзэх хэрэгтэй. Учир нь дотор сэмжний өөх хуримтлуулах үйл явц хэдийнэ эхэлчихсэн хэрэг.

Та ширээний ард, компьютерийн ширээнд өдөр шөнөгүй зүүгдэх тусам энэ явц улам л хурдасна. Үүнд, хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь калори. Та хэдий их хэмжээний хоол ходоод руугаа чулуудна төдий чинээгээр зарцуулах ёстой. Танд илүү ойлгомжтой байх үүднээс хэдэн тоо дурдая.

100 грамм ногоон вандуй нь компьютерын товчлуурыг тасралтгүй 20 минут “нүдэх” эрч хүчийг өгдөг. Харин чанасан өндөг нь 50 минут, бяслагтай хачиртай талх нэг цаг, гахайн утсан махтай хачиртай талх 1,5 цаг харин гоймонтой гуляш идсэн бол 3,5 цаг ажиллах энергийг олж авдаг. Гэтэл бодит байдал дээр хоол хүнсээр олж авсан бүх калорийг зогсолтгүй товчлуур дарж зарцуулах боломжгүй. Тэгэхээр өөр илүү үр дүнтэй арга хэрэгтэй болно.

Мэдээж хоол хүнсээ хязгаарла гэж зөвлөхгүй. Ямар ч хүн хоногт 3000-3500 калорийн хоол идсэн байх ёстой. Хамгийн доод хязгаар нь 2000-2200 калори. Тэгэхээр гүзээ, харвингаа арилгахад юуны түрүүнд биеийн тамирын дасгал, хөдөлгөөн, явган алхалт чухал.


Радикулит

Радикулит нь өдөржин суугаа ажил эрхэлдэг хүмүүсийг үе үе “ороох” дуртай өвчин юм. Уг өвчин эрчүүдийг илүүтэй шаналгадаг.

Зарим тохиолдолд булчин, үе мөчний өвчин, нурууны өвдөлтөнд ардын уламжлалт эмчилгээ илүү өгөөжтэй байдаг. Тухайлбал: өвчтэй газартаа халуун жин тавих эсвэл элс болон давсыг хайруулын тавганд халаагаад уутанд хийж дэр хэрбэртэй болгон, түүгээрээ жин тавих, халуун устай шил, чулууг наранд халаан иллэг хийхэд төвөг багатай бүгд л гарын доорх материалыг ашигладаг. Жин тавьсны дараа үрэвслийн эсрэг ямар нэг зүйл, жишээ нь бөөрөлзгөнө жимстэй цай уугаад дараа нь дулаахан хуурай хөнжилд амарч хэвтэх хэрэгтэй.

Унтахын өмнө халуун жин тавьсан хэсгээ зөөлөн ноосон алчууруур ороохоо мартав. Үүний дараа таны нуруу, үе мөчний өвдөлт намжих болно.

Хэрвээ хоёр өдрийн дараа өвдөлт намжихгүй бол энэ нь радикулит бөгөөд түүнийг эмчид үзүүлж тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Нуруу нь бас өөр бусад олон шалтгаанаар өвддөг. Тухайлбал: бөөрний үрэвсэл, архаг радикулит, давс хуримтлагдах, түрүү булчирхайны үрэвсэл зэргээс болж өвдөлт өгдөг.


Өтгөн хатах

Суугаа амьдралын хэв маягаас үүдэлтэй хамгийн таагүй өвчин бол архаг өтгөн хаталт. Хэрэв ийм шинж илэрсэн бол юуны түрүүнд эмчид очиж үзүүл. Гэхдээ өөрөө бие даан арга хэмжээ авч бас болно. Үүнд:

Нэгд: Дасгал хий. Тухайлбал: Өглөөдөө дасгал хийхдээ заавал хүнд туухай, гантель хэрэглэх гэхийн шаардлагагүй. Гол нь хөлөө хэд хэдэн удаа нугалж, тэнийлгэ. Үүнийг орондоо ч хийж болно. Дараа нь бас хэдэн удаа цээжин биеэ дээш доош хөдөлгөж, тонгойлгох эсвэл гэдийлгэ. Бас гэдсэн дээрээ гараа тавьж нар зөв эргүүлэн иллэг хий.

Хоёр: Туулгах үйлчлэлтэй хоол хүнс хэрэглэ. Юуны түрүүнд, хар чавга, чангаанз, инжир зэрэг хатаасан жимсийг буцалсан усанд хийж бамбайж хөөтөл нь дэвтээ. Дараа нь үүнээсээ 5-6 ширхэгийг авч өдөрт 2-3 удаа идэж байх хэрэгтэй.

Өтгөн хатахад улаан буудайны хивэг / хүнсний зориулалттай бэлтгэсэн/ хамгийн сайн үйлчлэлтэй байдаг. Хивэг нь бүдүүн гэдсэнд ормогц хүчтэй цочроож, туулгах үйлчлэл үзүүлдэг байна.

Олон жилийн туршид өтгөн хатаж явах юм бол геморрой буюу шамбарам тусдаг байна. Шамбарам нь суугаа амьдралын хэв маяг эсвэл нэг янзын байрлалтай удаан хугацаагаар байх зэргээс үүдэлтэй өвчин.

Энэ өвчнийг эмчлэх нь нэлээд бэрхшээлтэй. Өвдөлт зовиур шаналгаа ихтэй. Илүү тустай ард эмчилгээний арга гэвэл шамбарам бүхий хэсэгтээ шүршүүрийн халуун бүлээн усаар шүрших. Үүнийг өдөрт хэд хэдэн удаа давтан хий. Энэ эмчилгээ нь ялангуяа өвчний эхэн шатанд сайн үр дүн өгдөг юм.


Остеохондроз буюу шохойжилт

Суугаа ажилтай хүмүүсийн эрүүл мэндийн хувьд бас нэг хүндрэлтэй асуудал үүсдэг нь остеохондроз. Энэ тохиолдолд биеийн баруун хэсэг илүү нэрвэгддэг. Учир нь баруун гар үргэлж компьютерын хулгана дээр тавиатай, гар үргэлж өргөөтэй байдагтай холбоотой юм.

Остеохондроз буюу шохойжилтыг зөвхөн бариа заслын аргаар л эмчилдэг. Гэхдээ бариа иллэг хийдэг арван хүн тутмын хоёр нь л мэргэжлийн бусад нь “халтуур” –ын байдаг гэдэг статистик бий. Хөдөлгөөнгүй удаан хугацаагаар сууснаас болж хүзүүний үеэнд шохойжилт үүсдэг. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд 15 минут тутамд биеийн байрлалаа өөрчилж сэлгэн, хөнгөн дасгал хийж байх хэрэгтэй.


Менежерүүдийн өвчин буюу суугаа ажлын гай  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй