Шууд Chart

АНУ-ын конгрессийн гишүүд Тайваньд гэнэтийн айлчлал хийж байна

2022-08-15 12:39:37

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд гэнэтийн айлчлал хийснээс хойш 12 өдрийн дараа тус улсын хууль тогтоогчид урьдчилан зарлалгүйгээр Тайваньд 2 өдрийн айлчлал хийхээр өчигдөр Тайпей хотноо ирсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тодруулбал, АНУ-ын конгрессын танхимын хоёр намын бүлгээс бүрдсэн 5 гишүүн Ази-Номхон далайн бүсийн орнуудаар хийх айлчлалын хүрээнд, өчигдөр Тайваны нийслэл Тайпей хотноо газарджээ. Массачусетс мужаас сонгогдсон ардчилсан намын гишүүн Ээд Марки тэргүүтэй төлөөлөгчдийн Тайваньд хийж байгаа гэнэтийн айлчлаар АНУ Тайваныг дэмжиж байгааг дахин нотлох, Тайваны хоолойн тогтвортой байдал, энх тайвныг дэмжих зорилготой гэж мэдэгджээ.

Тайваны гадаад хэргийн яамнаас мэдээлж байгаагаар, АНУ-ын төлөөлөгч ерөнхийлөгч Цай Ин Вэн, гадаад хэргийн сайд Жозеф Ву нартай хэд хэдэн асуудлыг хөндөж хэлэлцэх юм байна. Тухайлбал Тайваны хоолойн хурцадмал байдлыг намжаах, хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалт зэрэг эдийн засаг хамтын ажиллагааг өргөжүүлэх нийтлэг ашиг сонирхлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хятадын эсэргүүцлийн үл харгалзан, АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга, энэ сарын 2-3-ний өдрүүдэд Тайваньд айлчилсан нь, Вашингтон Бээжингийн харилцааг улам хурцатгасан. Нэнси Пелосигийн айлчлалаас ердөө 2 долоо хоногийн дараа, конгрессын гишүүд дахин Тайваньд айлчилж байгаа нь, АНУ Хятадын харилцааг улам хурцатгаж болзошгүй гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна. Бээжин, Нэнси Пелогийн айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж Тайваны эргэн тойронд олон хоног үргэлжилсэн, өргөн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний цэргийн сургуулилт явуулж, хэд хэдэн баллистик пуужин хөөргөж туршсан аж.

Сургуулилт дууссан хэдий ч Хятад улс өдөр бүр Тайваны хоолойн дээгүүр цэргийн нисэх онгоцнуудаа хөөргөсөөр байна гэж Тайпейн хэвлэлүүд мэдээлж байна. Хятадын эрх баригч коммунист нам Тайваныг өөрийн нутаг дэвсгэрийн нэг гэж үздэг, шаардлагатай тохиолдолд эх газрын Хятадыг Тайваньтай дахин нэгтгэнэ гэдэг байр сууриа ил тодоор илэрхийлсээр ирсэн.

Одоогоор, Бээжингийн эрх баригчид, Америкийн хууль тогтоогчдын Тайваньд хийж байгаа айлчлалтай холбоотойгоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Шинжээчдийн хувьд, конгрессын гишүүдийн Тайваньд айлчилж байгааг Хятадын талаас эрс эсэргүүцэж, хариу үйлдэл үзүүлж магадгүй гэж харж таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын конгрессийн гишүүд Тайваньд гэнэтийн айлчлал хийж байна   
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй