Шууд Chart

Япон улсын эдийн засаг сэргэж, цар тахлын өмнөх түвшинд хүрчээ

2022-08-15 13:00:20

Азидаа эдийн засгаараа 3 дугаарт эрэмбэлэгддэг, Япон улсын эдийн засаг сэргэж, цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хүрсэн тухай Токиогийн хэвлэлүүд өнөөдөр онцолж мэдээлж байна. 2022 оны санхүүгийн 2 дугаар улирал буюу өнгөрсөн 4-өөс 6-р сард, Япон улсын эдийн засаг 2,2 хувьд хүрч өсжээ.

Тодруулбал, Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан эдийн засгийн төлөв байдлын талаарх тайланд дурдсанаар, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улиралтай харьцуулахад, 0,5 хувиар өсжээ. Харин жилийн дүнгээр нь авч үзвэл, 2,2 хувиар өссөн нь Япон улсын эдийн засаг эргээд хэвийн горимдоо шилжиж байгааг илтгэж байна гэж эдийн засагчид дүгнэж байна.

Үүний зэрэгцээ, цар тахлын үеийн хөл хорио хязгаарлалтууд цуцлагдаж, эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа эдийн засгаа сэргээх бодлого үр дүнтэй хэрэгжиж байна, мөн хэрэглэгчдийн эрэлт нэмэгдсэнтэй холбон шинжээчид эдийн засгийн өсөлтийг тайлбарлажээ. Тухайлбал одоо Япон улсад ид аялал жуулчлалын улирал тохиож байна. Аялал жуулчлалын улирлын үеэр, үзвэр үйлчилгээ, хоолны салбарын зардал ч өсдөг.

Энэ салбарын үзүүлэлт л гэхэд, өнгөрсөн 2 дугаар улиралд 1,1 хувиар өсжээ. Нөгөө талдаа Япон улс өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн "Ковид-19" цар тахлын эсрэг хязгаарлалтын дэглэм, журмаа цуцалснаас хойш, эдийн засаг илт сэргэжээ. Үүний зэрэгцээ, Япон улсад өнгөрсөн 7 дугаар сард хэрэглээний үнийн индекс 2,4 хувьтай гарчээ.

Инфляц харьцангуй тогтвортой байдаг тус улсын хувьд энэ нь сүүлийн 8 жилийн дээд үзүүлэлт болж байна. Японы шинээр байгуулагдсан засгийн газрын тэргүүлэх чиглэл нь инфляцын дарамтыг бууруулах, эдийн засгаа өсгөх гол зорилтууд байх болно гэж мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсын эдийн засаг сэргэж, цар тахлын өмнөх түвшинд хүрчээ   
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй