Шууд Chart

НҮБ болон ОХУ Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэв

2022-08-16 11:24:43

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар Запорожийн атомын цахилгаан станцын нөхцөл байдал болон аюулгүй ажиллагааны талаар хэлэлцсэн тухай Тасс мэдээллээ.

Мөн, Оросын хүнсний бүтээгдэхүүн, үр тариа бордооны экспортын нөхцөлийг хөнгөвчлөх НҮБ-ын санал санаачилга зэрэг хэд хэдэн асуудлыг хоёр тал хэлэлцсэн тухай Ройтерс онцоллоо.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар, Оросын армийн мэдэлд байгаа атомын цахилгаан станц руу Украины арми нисэгчгүй онгоц, их буу болон пуужингаар хэд хэдэн удаагийн цохилт өгчээ. Украины талаас ч, Оросын армийг атомын станц руу агаараас довтолж байна гэж буруутгаж байгаа юм. Үндсэндээ дайтагч 2 улсын хувьд атомын станцад халдсанд харилцан бие биеэ буруутгасаар байна.

Өнгөрсөн 7 хоногт НҮБ-ын аюулгүйн зөвлөл энэ асуудлаар хуралдаж, Запорожийн атомын цахилгаан станцыг цэрэггүй бүс болгох санаачилгыг НҮБ-ын талаас гаргаад байна. Мөн олон улсын атомын эрчим хүчний агентлагаас, уг станц руу шинжээчдийн багаа илгээж, цацраг идэвхт бодис алдагдах аюул бий эсэх, эрсдэлийн дүн шинжилгээ хийх саналыг ч гаргасан.

Энэ саналыг Москва болон Киев дэмжиж байгаагаа ч илэрхийлсэн. Мөн Оросын талаас Киевээр дамжин Запорожийн станцад хүрэх аюулгүй маршрутыг гаргасан, аюулгүй байдлын баталгаа өгч байгаа юм байна. Гэвч, энэ нь хэтэрхий аюултай, байлдааны фронтын шугамыг давах нь маш том эрсдэл гэж Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хянах газраас үзэж байгаагаа илэрхийлжээ_

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ болон ОХУ Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэв   
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй