Шууд Chart

Их Британи Омикрон хувилбарын эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон анхны улс болов

2022-08-16 11:39:40

Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хяналт тавих агентлаг, омикрон хувилбарын эсрэг АНУ-ын биотехнологийн Модерна компанийн бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгожээ. Ингэснээр Их Британи омикрон хувилбарын эсрэг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн анхны улс болж байна.

Их Британийн анагаах ухааны байгууллагын мэдээлж байгаагаар Модерна компанийн вакцин нь коронавирусний эсрэг анхны хувилбар болон одоо дэлхий нийтэд тархаад байгаа омикрон хувилбарын дэд хувилбарууд болох БиЭй-4, БиЭй-5 хувилбарт тохирох юм байна.

Өнгөрсөн 2021 оны сүүлээс, дэлхийн хэмжээнд цар тахлын мутацид орсон омикрон хувилбар бүртгэгдэж шинэ давлагаа үүссэн. Энэ үеэс эхлэн биотехнологийн томоохон компаниуд уг хувилбарын эсрэг вакцины судалгаа хөгжүүлэлтийг хийж ирсэн. Модерна компанийн бүтээсэн бивалент гэж нэрлэсэн вакцин нь одоо коронавирусний эсрэг ашиглаж байгаа вакцин найрлага, омикрон болон түүний дэд хувилбаруудаас гарган авсан найрлагыг нэгтгэсэн хувилбар юм байна.

Мөн, эмнэлзүйн туршилтаар бивалент вакцин нь цар тахлын анхны омог болон омикроны дэд хувилбаруудын эсрэг хүчтэй дархлааны хариу урвал үүсгэж байгаа нь тогтоогдсон, вакцины хамгаалах чадвар 90-ээс дээш хувьтай гарчээ.

Их Британид долоо хоногт дунджаар 8 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Модерна компанийн вакцинаар иргэдээ дархлаажуулснаар ирэх өвлийн улиралд цар тахлын тархалтын хэмжээг бууруулах, олон нийтийг эрсдэлээс сэргийлж, хөл хорио хязгаарлалтын дэглэм тогтоохгүйгээр ажил амьдралаа үргэлжлүүлэх боломжтой гэж тооцоолж байна.

Одоо Модерна компани Австрали, Канад, Европын холбооноос уг вакцинд зөвшөөрөл хүсжээ. Өнгөрсөн долоо хоногт Японы эрүүл мэндийн яаманд, вакцины зөвшөөрөл авах тухай хүсэлтээ гаргасан байна. Токио, ирэх 10 дугаар сард Модерна компанийн бүтээсэн вакцинаар иргэдээ дархлаажуулах төлөвлөгөөгөө зарласан.

Өнөөдрийн байдлаар Япон улс цар тахлын тархалтын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Даваа гаригийн байдлаар тус улсын хэмжээнд 170 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи Омикрон хувилбарын эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон анхны улс болов   
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй