Шууд Chart

Япон улсын хүн амын тоо буурчээ

2022-08-16 11:49:01

2021 оны байдлаар, Япон улсын хүн амын тоо 125 саяд хүрч буурсан нь, тус улсын түүхэн доод үзүүлэлтийг харуулж байна. Хүн амын тоо буурах болсон гол шалтгааныг мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнд цар тахал газар авч, үүнээс улбаатай хилийн хориг хязгаарлалт болон нийгэм хурдацтай хөгширч байгаа зэрэг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлажээ.

Токиогийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Япон улсын хүн амын тоо жил бүр буурсан үзүүлэлттэй байна. 2021 оны байдлаар тус улсын хүн ам өмнөх жилтэй харьцуулахад 650 мянга буюу 0,57 хувиар буурчээ. Өнгөрсөн онд, Япон улсад 830 мянган хүүхэд мэндэлсэн бол, 1,4 сая иргэн нас баржээ. Энэ нь нас барсан хүний тоо төрөлтийн үзүүлэлтийг давж, 2013 оноос хойших хамгийн их буурсан дүн болсныг Японы дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Үүний зэрэгцээ, хөдөлмөрийн насны 15-64 насны иргэд нийт хүн амын 59 орчим хувийг эзэлж байгаа нь түүхэн доод үзүүлэлт хүрчээ. Одоо Япон улсын засгийн газрын хувьд хүн амын тоо буурах, ажиллах хүчний хомсдол зэрэг давхар давхар сорилттой тулж байна.

Энэ сорилтыг даван туулахын тулд, тус улсын засгийн газар гаднын орнуудаас ажилчид авах замаар ажиллах хүчний хомсдолыг бууруулахаар зорьж байна. Өнөөдрийн байдлаар, Япон улс дэлхийн нийт хүн амын 1,6 хувийг эзэлж, хүн амын тоогоороо 11-т жагсаж байна.

Дэлхийд хүн амын тоогоор тэргүүлэгч 20 улсын дотроос сүүлийн 10 орчим жилийн хугацаанд, ганц Япон улсын үзүүлэлт буурсан тухай НҮБ-ын тоо баримтад дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсын хүн амын тоо буурчээ   
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй