Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч инфляцыг бууруулахад чиглэсэн хуульд гарын үсэг зурав

2022-08-18 09:10:04

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден чинээлэг иргэдээс татах татварыг өсгөхийн сацуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, иргэдийн эрүүл мэндийн зардлыг бууруулахад чиглэсэн хуульд гарын үсэг зурлаа. 740 тэрбум америк доллар өртөг бүхий энэ хууль энэ намар болох завсрын сонгуулийн босгон дээр Ардчилсан намд чамгүй дэм болно гэж тооцоолж байна.

Ерөнхийлөгч Жо Байдены гол түшиг Ардчилсан нам Конгресст ахин хоёр жил хяналтаа тогтоож чадах эсэх нь ирэх 11 сард болох завсрын сонгуулиар шийдэгдэх учиртай. Үүний зэрэгцээ шинжээчид, Ардчилсан намаас анх дэвшүүлж байсан 3,5 их наядын багцыг бодвол шинэ хууль нэлээд даруухан өртөгтэй батлагдсаныг тэмдэглэж байна.

Тэрбээр, өчигдөр гарын үсэг зурах үедээ, энэ хуулийг өөрийн дотоод улстөрийн мөрийн хөтөлбөрийн “гол шийдвэрлэх хэсэг” гэж үнэлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 375 тэрбумыг зарцуулахаар тусгасан нь Холбооны төсвөөс энэ чиглэлд хуваарилсан түүхэн томоохон хөрөнгө оруулалт болсон байна. Энэ хүрээнд АНУ, шинжээчдийн тооцоолсноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг өмнө 35 хувьд төлөвлөж байснаасаа хавьгүй илүү буюу 44 хүртэл хувиар бууруулах болж байгаа аж.

Ингэхдээ компаниудаас хүлэмжийн хий ялгаруулахаа бууруулахыг шаардахгүй, харин сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулахад татвараас нь хөнгөлөх, цахилгаан машин худалдаж авсан эсвэл орон сууцаа эрчим хүчний хэмнэлттэй болгож сайжруулахад хөрөнгө оруулсан хүмүүст хөнгөлөлт урамшуулах үзүүлэх зэрэг багтсан байна. Үүнээс гадна “Медикэр” эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийн хүрээнд жороор олгогддог эмүүдийг 65-аас дээш насныханд хавьгүй хямд үнээр санал болгох хэлцэл өрнүүлэх боломж засгийн газарт бүрдэж байгаа юм байна. Энэ хууль хэрэгжсэнээр ирэх 10 жилд төсвийн алдагдал 305 тэрбум доллароор, түүнээс ч илүүгээр буурна гэсэн тооцооллыг Конгрессын Төсвийн хороо хийжээ.

Мөн татварын албаныхны эрх мэдэл өргөжсөнөөр 400 тэрбум долларын нэмэлт орлого төсөвт төвлөрүүлэх боломж бүрдэнэ гэж Сангийн яам нь үзжээ. Гэхдээ энэ хуулийг эсэргүүцэгчид, ялангуяа Конгресс дах Бүгд найрамдах намынхны зүгээс эрчим хүчний үнэ өртөг нэмэгдэх, мөн жороор олгодог эмийн үнийг хязгаарласнаар худалдаалагдах эм бэлдмэлийн тоо буурах зэрэг сөрөг үр дагаврууд учрахыг анхааруулж байна.

Сенат дахь Бүгд найрамдахчуудын удирдагч Митч Макконнел, энэ хууль батлагдсанаар “татвар нэмэх жагсаал уртасч, байгальд ээлтэй технологид оруулах төсвийн үргүй зарлага нэмэгдэнэ” гэж мэдэгджээ. Мөн шинэ хуулиар корпорацын татварын доод хэмжээг 15 хувь болгохоор заасан нь 400 мянган доллароос доош орлоготой америкчуудын татварыг нэмэхгүй гэсэн Байдены амлалттай зөрчилдөж байна гэж бүгд найрамдахчууд мэдэгдэж байна. Татварын зардлынхаа нэг хэсгийг зарим компани цалинг нь бууруулах замаар ажилчдынхаа нуруун дээр үүрүүлдэг тухай Конгрессын татварын нэгдсэн хорооны тайлан дүгнэлтийг үүний нэг жишээ болгон дурдаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч инфляцыг бууруулахад чиглэсэн хуульд гарын үсэг зурав   
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй