Шууд Chart

АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ

2022-08-18 09:52:21

ЮН СОК ЁЛЬ: БНСУ Умард Солонгосын улстөрийн дэглэмийг хүчээр халах эрмэлзэлгүй

Умард Солонгосын зүгээс цөмийн аюул занал нэмэгдэж байгаа үед улсынхаа цөмийн тогтоон барих хүчийг ашиглах бодол засгийн газарт нь байхгүй гэдгийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо 100 дахь өдрөөр Сөүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдлээ.

Умард Солонгосыг зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлж байгаатай холбоотойгоор түгшүүртэй байдал даамжирсан нөхцөлд хоёр улсын хооронд бат бөх энх тайван тогтоох дипломат хүчин чармайлтууд хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Юн Сок Ёль мөн санал болгосон байна.

Цөмийн зэвсэг хураах алхмуудын хариуд эдийн засгийн үе шаттай төслүүд хэрэгжүүлэх яриа хэлэлцээ хийж эхлэхийг тэрбээр Пхеньянд бас ахин уриалжээ. Умард Солонгосын өнөөгийн нийгмийн байгуулал болоод аюулгүй байдалд “баталгаа өгч” чадахгүй боловч, одоогийн улстөрийн тогтолцоог хүчээр халах эрмэлзэл Өмнөд Солонгост байхгүй гэдгийг тэр бас мэдэгджээ.

Бас АНУ, Өмнөд Солонгосын цэргийнхэн ирэх долоо хоногт сүүлийн жилүүд болоогүй томоохон хүрээтэй хамтарсан хээрийн сургууль эхлэхээр болсон тухай мэдээлсэн байна.

Төрөл бүрийн пуужингийн туршилт явуулж байгаа Пхеньяны зүгээс Сөүл болон Вашингтоныг цөмийн хямралаар сүрдүүлэн, аюул эрсдэл нэмэгдсэн үед энэ сургуулилалтыг хийж байгааг хэвлэлүүд онцолж байна. Холбоотон улсуудын нисэх онгоц, байлдааны хөлгүүд, танкууд болон хэдэн арван мянган цэргийн албан хаагчдыг оролцуулах “Улчи Фридом Шилд” нэртэй энэ цэргийн зуны сургуулилалт энэ сарын 22-ноос 9 дүгээр сарын 1-ний хооронд явагдах аж.

Гэхдээ, энэ удаагийн хээрийн сургуульд хоёр талаас хэд хэчнээн цэргийн албан хаагчид оролцох тухайд Америкийн батлан хамгаалах яам болон Өмнөд солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооны зүгээс, тодорхой мэдээлээгүй байна. Өмнө нь тус хоёр улс ийм томоохон сургуулилалтыг хавар, зун болгон явуулж ирсэн байна.

Сануулахад, үүнээс хэдэн өдрийн өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах нөхцөлд эдийн засгийг нь сэргээх өргөн хүрээтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлж байсан. Мөн түүний өмнөхөн Пхеньяны талаас Сөүлийг улсад нь ковид-19 цар тахал дэгдээсэнд буруутгаж, сүйрэл тарих хариу барина гэж сүрдүүлсэн мэдэгдэл хийж байсан билээ. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй