НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун, Колумбийн ерөнхийлөгч Мигель Сантос нар энэ сарын 16-ны өдөр Украинд Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзжээ. Үүний өмнө тэд өнгөрөгч 3 дугаар сарын сүүлээр оросын цэргүүд орхин гарсны дараа олон энгийн иргэд үрэгдсэн байдалтай олдсон Буча хотод очсон байна.
Ер нь Украинтай эв санаа нэгтэй байгаагаа харуулах зорилгоор тус улсад айлчилж байгаа олон улсын өндөр албаныхан бүгд шахам нийслэл Киевээс зүүн хойш холгүй байдаг энэ хотод очиж заншиж байгааг хэвлэлүүд онцолж байгаа.
Зеленский уулзалтын үеэр, Украинд болж байгаа үйл явдлууд хэвлэл, олон нийтийн анхаарал, оюун санааны гадна орхигдох учиргүй гэдгийг тэмдэглэж, энэ мөн Украины талд зогсох олон улсын дэмжлэг буурахгүй байх нөхцөл болно гэдгийг цохон дурджээ.
2007-2016 оны хооронд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Бан Ги Мун энэ үеэр, Оросын цэргүүд Украины нийслэл Киевийг эзлэхээр дайрах үед болон Киев орчмоос ухрах үед амиа алдсан энгийн иргэдийг хүндэтгэн дурсахыг дэлхий дахинд уриаллаа.
Тэрбээр, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн 2007 онд үүсгэн байгуулсан “The Elders” буюу “Ахмад буурлууд” нэртэй олон улсын энх тайвны санаачилга байгууллагын шугамаар Украинд очжээ. Колумбийн Ерөнхийлөгч Сантосын хувьд Нобелийн энх тайвны шагналтны хувиар Бан Ги Муны хамт энэ айлчлалыг хийсэн байна.
Мөн НҮБ-ын одоогийн тэргүүн Антонио Гутерреш энэ долоо хоногт Украинд айлчлах гэж байна. Тэрбээр пүрэв гарагт Украины баруун талын Львов хотод хүрэлцэн очиж, ерөнхийлөгч Володимир Зеленский болон Туркийн ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган нартай уулзах юм.
Талууд энэ үеэрээ Турк, НҮБ-ын зуучлалтай хэлцэгдэж байгаа Орос, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын талаар ярилцана гэж НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчдэд мэдээлсэн байна. НҮБ-ын тэргүүн Украины дайн эхэлснээс хойш хоёр дахь удаагаа тус улсад очих гэж байгаа нь энэ юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Украинд очжээ | ||
Үзсэн: 331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.