Шууд Chart

ДЭМБ сармагчны цэцэг өвчний шинэ нэршилд олон нийтээс санал хүлээж авна

2022-08-18 10:21:00

Энэ оны 5 дугаар сараас дэлхий даяар тархаж эхэлсэн сармагчны цэцэг өвчний нэршлийг солих ажлыг ДЭМБ эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд олон нийтээс шинэ нэрийн саналыг хүлээж авах тусгай холбоос бий болгосноо зарласан байна.

Тодруулбал, сармагчны цэцэг гэгдэж байгаа өвчний одоогийн нэршил арьс өнгөөр гадуурхах эсвэл амьтдад хор хөнөөл учруулах аливаа сэдэл шалтгаан төрүүлэх вий гэдэг болгоомжлолын үүднээс шинэ нэр хайх ажил эхэлжээ. Урьд нь Баруун болон Төв Африкийн зарим улсад зөвхөн дэлгэрч байсан энэ өвчний вирус энэ оны 5 дугаар сараас өрнөдийн орнуудад тархаж эхэлснээр дэлхийн олон нийтийн анхаарлын төвд орсон.

Өвчний үүсгэгч вирусийг гол тээж дамжуулдаг амьтан нь сармагчин биш учраас нэршлийг нь шинжлэх ухааны үүднээс илүү оновчтой болгож өөрчлөх нь зүйтэй гэж НҮБ-ын Эрүүл мэндийн салбарын шинжээчид үзэж байгаа юм.

Дани улсад судалгаанд ашиглагдаж байсан сармагчнуудаас анх 1958 онд илэрснээр нь одоогийн нэршлийг оноосон түүхтэй аж. Гэвч угтаа энэ вирус өөр хэд хэдэн төрлийн амьтдаас, тэр дундаа мэрэгч амьтдад голчлон илэрдэг байна. Харин 1970 онд Ардчилсан Конго улсад уг өвчин хүнээс анх илэрч, түүнээс хойш хүмүүсийн дунд тархахдаа ихэвчлэн Төв болон Баруун Африкийн тодорхой тооны улсуудад эмгэг шинжтэйгээр дэлгэрч байжээ.

Өвчний нэршлийг өөрчилснөөр, хүмүүс сармагчнаас сэжиглэж, энэ амьтдад харгис хандах зэргээр саявтар Бразил улсад гарсны адил хэрэг явдлуудаас сэргийлж чадна гэж мэргэжилтнүүд найдлага тавьж байгаа юм. “Өвчинд нэршил оноох тогтолцоо өнөөдрийнх шиг боловсронгуй болоогүй байх үед сармагчны цэцэг өвчний нэрийг өгсөн” гэдгийг ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Женевт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ дурджээ. Улмаар шинэ нэршлийн тал дээр хүссэн хүн бүр санаа оноогоо нээлттэй илэрхийлэх боломжтой тусгай вэбсайт нээснээ зарласан байна. Одоогоор ДЭМБ-д сармагчны цэцэг өвчинд мэргэжилтнүүдийн зүгээс хэд хэдэн хувилбар нэршил санал болгоод байгаа юм байна.

Эдгээрээс чамгүй дэмжлэг хүлээж байгаа нэг хувилбар нь Канадын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байгууллага REZO-гийн захирал Самуэл Миреллогийн ирүүлсэн “Mpox” гэх нэрийн санал юм байна. Өнөөдрийн байдлаар, энэ онд дэлхийн хэмжээнд уг өвчний вирусээр халдварласан 31 мянгаад тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ.

Энэ өвчний үед халуурч, бие өвдөж, зарим тохиолдолд арьс үрэвсэж шархлах шинж тэмдгүүд илэрдэг байна. ДЭМБ өвчний энэ удаагийн дэгдэлтийг дэлхийн эрүүл мэндийн салбарын онц байдал зарлах хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ сармагчны цэцэг өвчний шинэ нэршилд олон нийтээс санал хүлээж авна   
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй