
Оросын цэргүүдийн хяналтад байгаа Запорожийн атомын цахилгаан станц руу даваа гарагт ахин буудсан байна. Хоёр тал үүнд харилцан бие биеэ буруутгасаар байгаа юм.
Тодруулбал, Оросын Тасс мэдээллийн агентлаг станц байрладаг Энергодар хот болон атомын цахилгаан руу украины цэргийнхэн америкийн М-777 их буугаар 25 шахам удаагийн хүнд их бууны цохилт өгсөн гэж мэдээлсэн байна.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын цэргүүдийг АЦС болон ойр орчмын газруудыг нэн даруй орхиж, “өдөөн хатгасан буудалтуудаа” зогсоохыг уриалжээ.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар даваа гарагт утсаар ярьж, тус атомын станцын ашиглалтын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн байна.
Тухайн өдөр Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова АНУ, Европын Холбоо болон өрнөдийн бусад орнуудыг АЦС-ийн эргэн тойронд “хариуцлагагүй тоглоом шоглоом” хийхээ зогсоохыг Киевээс шаардахыг уриалжээ. Тэрээр мөн, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийг тус станцад очуулж, украины талын хор хөнөөлт үйл ажиллагаанд үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийлгэхийн төлөө Орос улс боломжтой бүхнийг хийж байгаа гэж ярьсан байна.
Мөн даваа гарагт Украины Дээд Рад, Оросын цэргийн бие бүрэлдэхүүн, зэвсэг хэрэгслийг нүүлгэн шилжүүлэхийг шаардахаар НҮБ болон ОУАЭХА-ийн төлөөлөгчдийг Запорожийн АЦС-д илгээхийг уриалсан тогтоол баталжээ.
Дээд Рад Запорожийн АЦС руу буудаж, дэлбэлэлтүүд үйлдэж байгаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт бас уриалсан байна.
Запорожийн атомын цахилгаан станц хавийг дахин бууджээ | ||
Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.