Шууд Chart

НҮБ: Запорожийн атомын цахилгаан станцыг цэрэггүй бүс болгох ёстой

2022-08-19 12:59:47

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Украин улсын Львов хотноо тус улсын ерөнхийлөгч Зеленскийн болон Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган нартай 3 талт хэлэлцээ хийлээ. Энэ үеэр, НҮБ-ын тэргүүн, байлдагч талуудыг Запорожийн атомын цахилгаан станцын бүсээс гарахыг уриалж, уг байгууламжийг цэрэггүй бүс болгох ёстой гэж мэдэгджээ.

Тодруулбал, 3 талт уулзалтын хүрээнд Европын хамгийн том атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг хөндөж хэлэлцлээ. Энэ үеэр, Украины ерөнхийлөгч Зеленский, Атомын цахилгаан станц руу халдаж байгаа нь дэлхий нийтийг цөмийн аюулын ирмэгт хүргэж байна, Киев олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ажиллаж шинжээчдийн багийг цахилгаан станцад аюулгүй хүргэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ боломжоор хангах асуудлыг тохиролцсон гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ, Туркийн ерөнхийлөгч НҮБ-ын атомын цахилгаан станцыг цэрэггүй бүс болгох санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, өөр нэг Чернобыль-ийн аюул нүүрлэх эрсдэлийг зогсоох ёстой гэжээ.

Гэвч, Запорожийн атомын станцыг цэрэггүйжүүлэх санаачилгыг хүлээн авах боломжгүй гэж ОХУ-ын гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Учир нь, энэ санаачилга цөмийн байгууламжийг улам аюултай болгож болзошгүй гэж үзэж байгаа аж.

Мөн Запорожийн атомын цахилгаан станцын ажилчид олон улсын хамтын нийгэмлэгийг хамтран ажиллахыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан уриалжээ. Ажилтнуудын уриалгад дурдсанаар, атомын станц сүүлийн хагас сар гаруйн хугацаанд тасралтгүй дайралтын бай боллоо, үүний улмаас цацраг идэвхт бодис алдагдах гээд цөмийн аюул бодитоор нүүрлэж байна гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт, Запорожийн атомын станцын асуудлаарх НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаан болсон. Тус хуралдаанаар, олон улсын атомын эрчим хүчний агентлаг шинжээчдийн бүрэлдэхүүнийг станцад үзлэг шалгалт хийх саналыг тавьсан бөгөөд ОХУ, Украины талаас энэ саналыг хүлээн авч байгаагаа мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Запорожийн атомын цахилгаан станцыг цэрэггүй бүс болгох ёстой   
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй