Шууд Chart

АНУ болон Европын орнуудын удирдагчид Украины асуудлыг хэлэлцэв

2022-08-22 12:55:02

Их Британи, Франц, Герман болон АНУ-ын удирдагчид Украин дахь мөргөлдөөний улмаас аюулд ороод байгаа цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангах шаардлагатайг онцоллоо.

Дөрвөн орны удирдагчид ням гарагт утсаар ярих үеэрээ түүнчлэн, Украин улсыг Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Тодруулбал, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон болон Германы канцлер Олаф Шольц нар Украины өмнөд хэсэг дэх Оросын мэдэлд байгаа Запорожийн АЦС-ийн ойр орчимд дайн байлдааны ажиллагаа явуулахгүй байхыг талуудад уриалжээ. Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин станц руу НҮБ-ын цөмийн шинжээчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэнд дөрвөн орны удирдагч баяр хүргэсэн байна.

Атомын цахилгаан станцын эргэн тойрныг буудаж, цөмийн сүйрлийн аюул заналхийлж байгаад Москва, Киев бие биеэ буруутгадаг. Ням гарагт гэхэд Запорожийн цахилгаан станцаас холгүй байдаг Никополь хот руу дахин пуужин харвасан тухай Украин мэдэгджээ. Бямба гарагт мөн Оросын харьяан дахь Крымийн Севастополь хотод байдаг Оросын Хар тэнгисийн флотод дахин нисгэгчгүй онгоцноос цохилт өгсөн байна. Уг нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Оросын эрх баригчид мэдэгдсэн.

Үүний сацуу Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт тохиох тусгаар тогтнолын өдрийн босгон дээр сонор сэрэмжтэй байхыг Украинчуудад уриалжээ. Тэрбээр ням гарагт хийсэн мэдэгдэлдээ, “Оросын талаас жигшүүртэй, онцгой харгис балмад зүйл үйлдэж болзошгүй”-г сэрэмжлүүлээд, “биднийг гутаан доромжлох нь дайсны нэг гол зорилго байдаг. Гэхдээ бид аливаа өдөөн хатгалгыг эсэргүүцэх хангалттай хүчтэй байх ёстой” гэжээ.

Наймдугаар сарын 24-нд Украины тусгаар тогтнолын баяр тохиохоос гадна Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа гэх дайралт эхэлснээс хойш зургаан сар болох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон Европын орнуудын удирдагчид Украины асуудлыг хэлэлцэв   
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй