
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2020 оноос хойших анхны гадаад айлчлалаа Узбекистан улсад хийхээр төлөвлөж байна. Энэ айлчлалын хүрээнд, Хятадын дарга ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийж магадгүй талаар өрнөдийн хэвлэлүүд онцолжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпины хувьд, энэ нь цар тахал дэлхий нийтэд тархсан цагаас хойш буюу 2020 оноос хойш хийж буй анхны гадаад айлчлал юм. Ирэх 9 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болно. Энэ хүрээнд, Орос Хятадын эрх баригчид уулзалт хийж магадгүй тухай олон улсын хэвлэлүүд эх сурвалждаа үндэслэн мэдээлж байна.
Мөн ирэх 11 дүгээр сард Индонез улсад Их 20-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтад мөн Орос, Хятадын төрийн тэргүүнүүд биечлэн оролцохоор төлөвлөж байгаа аж. 2022 онд Их 20-ийн бүлгийг даргалж байгаа Индонез улсын ерөнхийлөгч Жоко Видодо энэ тухай мэдэгдсэнийг барууны хэвлэлүүд онцолж байна. Тус уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Жөү Байден оролцож магадгүй тухай мэдээлэл тархсан нь мөн олон улсад ихээхэн хүлээлт үүсгэж байна.
Гэхдээ энэ дээд хэмжээний уулзалтын хүрээнд Цагаан ордны тэргүүн ерөнхийлөгч Путинтай уулзалт хийх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Харин Хятадын дарга Ши Жиньпин болон АНУ-ын ерөнхийлөгч Байден нар энэ үеэр нүүр тулсан уулзалт хэлэлцээ хийх төлөвтэй байна гэдэг мэдээлэл гараад байгаа. Хятад-Америкийн худалдааны асуудлаас гадна АНУ-ын хууль тогтоогчид Тайваньд хэд хэдэн удаагийн айлчлал хийсэн нь, Вашингтон Бээжингийн харилцааг улам хурцатгаж байгаа юм. Энэ ч үүднээсээ Америк Хятадын төрийн тэргүүн нарын уулзалт хийж болзошгүй тухай сэдэв олон улсад анхаарал татаж байна.
Үүний зэрэгцээ, Оросын Украинд явуулж буй цэрэг дайны ажиллагаа Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болон ирэх 11 дүгээр сард Индонез улсад болох Их 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол сэдвийн нэг байх болов уу гэж шинжээчид харж байна.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Самарканд хотноо болно | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.