
НҮБ-ын санаачилгаар өнгөрөгч долоодугаар сард байгуулагдсан тэнгисийн коридор үр дүнгээ өгч эхэлсэн гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский францын “Л Экспресс” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тэрбээр мөн “Үүний ачаар манай экспорт сэргэх бага боловч итгэл төрүүлж байна. Одоогийн байдлаар арав гаруй хөлөг манай боомтуудаас гарч яваад байна. Энэ үйл явцыг түргэтгэхийн төлөө бид дээд зэргээр хичээн ажиллаж байна” хэмээн ярьжээ. Үүний сацуу Володимир Зеленский “асуудал нэгмөр цэгцрэх болоогүй байгааг” тэмдэглэн хэлсэн байна.
“Украинд улс үр тариагаа тариалж, ургац авч чадахгүй бол ирэх он жилүүдэд хэрхэн билээ. Маш аюултай байдал үүснэ” гэж тэр анхааруулжээ. Үүнээс гадна тэрээр, Европ Оросоос хамааралтай байдлаасаа гарахын тулд оросын хийнээс бүрэн татгалзах ёстой гэж мэдэгдсэн байна. Өнгөрөгч 7 дугаар сарын 22-нд Истанбулд Украины хүнс, бордоог дэлхийн зах зээлд нийлүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилготой багц баримт бичиг зурагдсан.
Эдгээрийн нэгд, Киевийн мэдэлд байгаа Хар тэнгисийн боомтуудаас үр тариа тээвэрлэх нөхцөлийг тусгасан юм. Мөн энэ хүрээнд зэвсгийн хууль бус худалдаа, бусад өдөөн хатгалга гаргуулахгүй байх үүднээс үр тариа ачсан хөлөг онгоцнуудад үзлэг шалгалт хийх Орос, Турк, Украин, НҮБ дөрвөн талын төлөөлөл бүхий Хамтын Зохицуулалтын төвийг Истанбулд байгуулсан юм.
Хамтын Зохицуулалтын энэ төв өчигдөр гэхэд, 46,1 мянган тонн хүнс ачсан 2 усан онгоцонд Одессийн боомтоос хөдлөх зөвшөөрөл олгожээ. 16,5 мянган тонн эрдэнэшиш ачсан "Ганосаяа" ачаа тээврийн хөлөг онгоц Ливи орох бол, 29,6 мянган тонн рапсын үр ачсан "Зе Хэй 505" хөлөг Роттердам орох ёстой байна. Энэ хоёр хөлөг хоёул өнөөдөр замдаа гарах аж.
В.ЗЕЛЕНСКИЙ: Украины үр тариа тээвэрлэлт үр дүнгээ өгч эхэллээ | ||
Үзсэн: 629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.