Шууд Chart

Лиз Трасс: Шаардлагатай нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн

2022-08-24 14:42:49

Их Британийн одоогийн ерөнхий сайд Борис Жонсоныг огцорсны дараа Эрх баригч Консерватив намын дарга болон Ерөнхий сайдын албанд очихоор горилж байгаа Гадаад Хэргийн сайд Лиз Трасс, "шаардлагатай тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн" гэж өчигдөр мэдэгджээ.

Тодруулбал, Нэгдсэн Вант улсад аюултай нөхцөл байдал үүсэх нөхцөлд цөмийн зэвсэг ашиглах боломжтой эсэх тухай асуултад тэрбээр “Би үүнийг Ерөнхий сайдын чухал үүрэг хариуцлага гэж бодож байна. Би үүнийг хийхэд бэлэн” гэж хариулжээ. Лиз Трасс өчигдөр Бирмингемд Консерватив намын гишүүдтэй уулзах үедээ ингэж ярьсныг, тухайн арга хэмжээг зохион байгуулсан “Таймс радио” радиостанцаар дамжуулжээ.

Их Британийн Ерөнхий сайд Жонсон засгийн газрын гишүүдийнх нь 60 орчим хувь өөртэй нь санаа нийлэхгүйгээ илэрхийлэн танхимаас гарсны дараа өнгөрөгч 7 дугаар сарын 7-нд Консерватив намын даргаас огцрохоо зарласан юм. Мөн засгийн газрын тэргүүлж ажиллах Намын даргыг сонгогдсон даруйд Ерөнхий сайдын албанаас бууна гэдгээ тэрбээр мэдээлээд байна.

Гадаад яамны сайд Трасс эсвэл Сангийн сайд асан Риша Сунак нарын аль нь дараагийн Ерөнхий сайд болохыг шийдэх үйл явдал ирэх 9 дүгээр сарын 5-нд болох учиртай. 160-200 мянган гишүүнтэй гэгддэг Консерватив намын гишүүдийн дунд шуудангаар явагдах санал хураалтын дүнгээр намын даргыг сонгох сонгуулийн дүнг гаргах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лиз Трасс: Шаардлагатай нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн   
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй