
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассын хоёр бүгд найрамдах улс болон Украин улсаас ирсэн дүрвэгсдэд тэтгэмж олгох тухай зарлиг гаргалаа. Уг зарлигийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 80-аас дээш ахмад настан болон жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдүүдэд сар бүр болон нэг удаа мөнгөн тэтгэмж олгох тухай заажээ.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 80-аас дээш насны ахмад настанд сар бүр 1000 рубль буюу 165 америк доллар, дэлхийн 2р дайны үеэр тулалдаж явсан ахмад дайчдад 82 орчим америк долларын тэтгэмжийг энэ оныг дуустал сар бүр олгох юм байна. Мөн дайнаас дүрвэж ОХУ-д ирсэн жирэмсэн эмэгтэйчүүдэд 165 америк долларын тэтгэмжийг нэг удаа, шинээр төрсөн хүүхдэд 331 америк долларын тэтгэмж олгох юм байна. Үүний зэрэгцээ, Украинаас дүрвэсэн хүүхдүүдэд сар бүр 66 америк доллар олгох тухай ерөнхийлөгчийн зарлигт тусгажээ.
Үүний зэрэгцээ, ерөнхийлөгч Путины зарлигт тусгаснаар, Бүгд найрамдах Донецк, Луганск ард улсын оршин суугчид болон Украины иргэдийг ОХУ-д тодорхойгүй хугацаагаар оршин суухыг зөвшөөрчээ. Энэ зөвшөөрлийг авахын тулд, иргэдэд заавал эмнэлгийн бүрэн үзлэг хамруулах шаардлагыг тавьж байна.
Тухайлбал, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэггүй байх, халдварт өвчин туссан эсэхийг шинжилгээгээр тогтоох зэрэг үзлэгийг хийх юм байна. ОХУ-ын үндсэн хууль, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор ийм шийдвэр гаргасан тухай ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.
Үүний зэрэгцээ, эдгээр улсын иргэдийг ажиллах зөвшөөрөл заавал шаардахгүйгээр, ОХУ-ын нутаг дэвсгэрт ажиллах боломжийг энэхүү зарлиг олгож байгаа юм байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын өгсөн мэдээллээр дайн эхэлсэн цагаас хойш Украин улсаас 2,3 сая иргэн ОХУ руу дүрвэсэн тухай мэдээлжээ.
ОХУ Украин улсаас дүрвэн ирсэн иргэдэд тэтгэмж олгох тухай зарлиг гаргав | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.