
Ойр орчимд нь буудалт үргэлжилж байгаагаас ноцтой аюул гамшиг тохиолдох вий гэдэг зовнил төрүүлж байгаа Запорожийн АЦС руу Олон улсын атомын эрчим хүчний агентлаг шинжээчдийн баг илгээхээр зэхэж байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тус станцын эрчим хүчний гадаад эх үүсгүүр болдог цахилгааны дэд станц гэмтсэнээс цахилгаан хангамж нь хэсэг тасарсан тохиолдол гарсан.
Энэ станцын эргэн тойрныг буудаж байгаад Украин, Оросын талууд бие биеэ буруутгасан хэвээр байна. Өнгөрөгч нэг хоногийн хугацаанд Украины зэвсэгт хүчнийхэн станц руу хоёр удаа гал нээсэн гэж Оросын Батлан хамгаалах яамнаас ням гарагт мэдэгджээ. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси харин Украинаас авсан мэдээлэлдээ тулгуурлан, станцын аюулгүй ажиллагааны бүх систем хэвийн горимоор ажиллаж, цацрагийн түвшинд өөрчлөлт орсон зүйлгүй гэж ням гарагт мөн мэдээлсэн байна.
Мөн тэрбээр Украины санааг зовоож байсан устөрөгч алдагдаж байгаа шинж тэмдэг илрээгүй гэдгийг мэдэгджээ. Үүнээс гадна Гросси, Агентлагийн шинжээчдийн багийг ойрын өдрүүдэд илгээх тухайд бүх талтай зөвлөгөөнөө үргэлжлүүлж байгаагаа мэдэгдсэн.
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид очсоноор станцын байгууламжуудад учирсан эвдрэл гэмтлийн зэргийг тогтоож, аюулгүйн системийн үйл ажиллагааг үнэлэхийн зэрэгцээ тэнд ажиллаж байгаа ажилтнуудын ажлын нөхцөлийг шалгах учиртай байна. Өнгөрөгч 3 дугаар сарын эхэн үеэс хойш Оросын цэргүүдийн хяналтад байгаа тус станц Европын хамгийн том атомын станцад тооцогддог.
ОУАЭХА Запорожийн атомын цахилгаан станц руу шинжээчдээ илгээхээр зэхэж байна | ||
Үзсэн: 379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.