
Европын холбооны хэмжээнд хийн үнэд хязгаар тогтоох, мөн цахилгааны үнээс салгаж тооцох уриалга улам бүр хүчээ авсаар байна. Европын орнуудыг хийгээр гол хангадаг Орос улс энэ 2 дугаар сард Украинд халдан довтолсноор хоригт өртсөний улмаас Европын орнууд эрчим хүчний үнийн асар их өсөлттэй тулгараад байгаа. Харин Герман улс хийн нөөцөө бүрдүүлэх тал дээр нэлээн урагштай байгаа юм байна.
Хэрэв байгалийн хийн үнийг бууруулах арга хэмжээ авахгүй бол ойрын 5-10 жилийн өвлийг давахад асар их бэрхшээлтэй тулгарна гэдгийг Бельгийн Эрчим хүчний сайд Европын Холбооны орнуудад сэрэмжлүүлж байна. Сайд Тинне Ван Дер Стретен Европын хэмжээнд хийн үнийг яаралтай царцаах хэрэгтэй, бас хий болон цахилгааны үнийг хооронд нь уядаг тогтолцоо хийсвэр тул үүнийг шинэчлэх шаардлагатай гэж Твиттертээ бичжээ.
Өнгөрсөн онд гэхэд байгалийн хийн нийт импортынхоо 40 хувийг Оросоос авдаг байсан өрнөдийн орнууд Украиныг дэмжихийн зэрэгцээ Оросын нефть, байгалийн хийнээс хараат байдлаасаа гарахыг чармайж байгаа. Хариуд нь Оросын тал ч мөн Европ руу гаргах хийн нийлүүлэлтээ эрс хумиад байгаа билээ. Үүний улмаас Европ дахинд цахилгаан эрчим хүчний үнийн хөөргөдөл үүсэж, өнгөрөгч 7 хоногт гэхэд урьд байгаагүй өндөр үнийн үзүүлэлтэд хүрсэн. Учир нь Европт байгалийн хий эрчим хүчний гол эх үүсвэр болдог байна.
Германд баасан гарагт, цахилгаан эрчим хүчний жилийн урьдчилсан гэрээг нэг мегаватт цаг тутамд 995 евро буюу 991 америк доллароор байгуулсан бол, Францад энэ үнэ бүр 1130 евро болж өсжээ. Энэ нь дээрх 2 улсын хувьд, өнгөрсөн жилийнхээс даруй 10 дахин өссөн дүн гэдгийг “Франс Пресс” агентлаг дурдсан байна.
Мөн “Эрчим хүчний зах зээл дээрх энэ үнийн галзуурлыг зогсоох ёстой. Энэ бол гагцхүү Европын Холбооны хамтын хүчин чармайлтаар шийдэх асуудал” гэдгийг Австрийн канцлер Карл Нехаммер мэдэгдлээ. Тэрбээр “Европ дахь цахилгааны үнийг Путинээр өдөр бүр тодорхойлуулаад байж таарахгүй” гээд, Европын холбооны хэмжээнд цахилгааныг үнийг бууруулах, мөн хий болон цахилгааны үнийг салгахыг уриалсан байна.
Үүний зэрэгцээ 2020 оны байдлаар Оросын байгалийн хийн хамгийн том импортлогч байсан Герман улс хэдийгээр Оросоос ирэх хийн нийлүүлэлт эрс хумигдсан боловч аль болох ахиу хийн нөөц бүрдүүлэх зорилтдоо бараг хүрчээ. Тус улс ирэх 10 дугаар сар гэхэд хийн агуулахуудаа 85 хувь дүүргэх зорилт тавьсан, давхар эрчим хүч хэмнэх арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байгаа.
Үүн дээрээсээ өөр бусад боломжит эх үүсвэрээс хийн татан авалт хийснээр тооцоолсноос хавьгүй наана зорилтот хэмжээний нөөц бүрдүүлж чадахаар байгаа талаар Германы эдийн засгийн сайд Роберт Хабек ярьсан байна. Түүний хэлснээр, хийн агуулахуудаа 85 хувь дүүргэх зорилт нь 9 дүгээр сарын эхэн үе гэхэд хангагдахаар байгаа юм байна.
Европын Холбооны хэмжээнд хийн үнийг хязгаарлаж, цахилгааны үнээс салгах уриалга газар авч байна | ||
Үзсэн: 408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.