Шууд Chart

Япон улс ОХУ-тай маргаантай арлууд дээр цэргийн сургуулилалт хийхийг эсэргүүцэж байна

2022-08-30 14:34:16

Энэ долоо хоногт ОХУ-д эхлэх томоохон цэргийн сургуулилалт явагдах газруудын тоонд Японтой маргаантай хоёр арал багтжээ. Үүнтэй холбогдуулж Японы засгийн газраас эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацуно Хироказу сэтгүүлчдэд энэ тухай мэдээлжээ. Оросын БХЯ-наас өнгөрөгч 7 дугаар сард зарласан энэ сургуулилт болох газруудын тоонд, Японы өөрийн газар нутгийн нэг хэсгээ гэж үздэг дөрвөн арлын 2 нь буюу Итуруп, Кунашир арлууд багтсан юм байна. Энэ нь Умард нутгаа гэж үздэг Япон улсын байр суурьтай зөрчилдөж, хүлээн зөвшөөрөх аргагүй алхам гэдэг үүднээс тус хоёр арлыг цэргийн сургуулилт явуулах газрын тооноос хасахыг хүсч тус улс өнгөрөгч 7 дугаар сарын 27-нд Оросын талд дипломат сувгаар эсэргүүцэл илэрхийлснийг Мацуно мэдэгджээ.

Украины дайнтай зэрэгцэн Оросын талаас Японы ойр орчимд цэргийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байгаад сэтгэл зовниж байгаагаа японы сайд энэ үеэр илэрхийлжээ. Мөн эндэх нөхцөл байдлын тухайд Япон улс мэдээлэл цуглуулж, шаардлагатай нөхцөлд зохих арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэдгийг сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлсэн байна. Өмнөд Курилын Кунашир, Итуруп, Шикотан, Хабомаи гэсэн дөрвөн арлыг Япон улс Дэлхийн 2-р дайны дараа тухайн үеийн ЗХУ-д хууль бусаар эзлэгдсэн өөрийн газар нутгаа гэж үздэг юм.

Оросын “Восток-2022” команд-штабын стратегийн цэргийн сургуулилт энэ 7 хоногийн пүрэв гараг буюу 9 дугаар сарын 1-нээс эхэлж 7 хоног үргэлжлэх аж. ОХУ-ын Дорнод цэргийн тойрогт буюу Хятад болон Япон улсуудтай ойролцоо бүсэд явагдах энэ сургуулилтын хүрээнд нийт 13 цэргийн полигонд хээрийн дадлага сургуулилт хийхээр төлөвлөсний дотор Курилын хойгийн арлууд дээр пулемёт-их бууны дивиз байрлаж сургуулилахыг Оросын БХЯ-наас мэдээлжээ.

Энэ сургуулилтад мөн, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон бусад түнш статус бүхий 13 орны цэргийн ажиллагааны удирдлагын группүүд, бие бүрэлдэхүүн нийлсэн 50 мянга гаруй цэргийн албан хаагч оролцох талаар РИА Новости мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс ОХУ-тай маргаантай арлууд дээр цэргийн сургуулилалт хийхийг эсэргүүцэж байна   
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй