
Тайваньд 1,1 тэрбум долларын өртөгтэй зэвсэг хэрэгсэл худалдах тухай хэлцлийг АНУ-ын Төрийн департамент баталжээ. Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн айлчлалаас хойш Хятад улстай харилцаа нь эрс хурцадмал байгаа үед Вашингтон ийм алхам хийж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Дээрх шийдвэрийг зарласан Пентагоны бүтцэд багтдаг Батлан хамгаалах хамтын ажиллагааны агентлаг тус хэлцлийг “Тайваний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай юм” гэж тэмдэглээд, үүнээс шалтгаалж бүс нутгийн цэргийн тэнцвэртэй байдалд өөрчлөлт орохгүй” гэж мэдэгдсэн байна.
Мөн Бээжинг Тайваний эсрэг цэрэг, дипломат, эдийн засгийн шахалтаа бууруулж, үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлэхэд уриалжээ.
Нийт 655 сая долларын радарын төхөөрөмж, шумбагч онгоц эсэргүүцэх 355 сая долларын өртөг бүхий “Харпун Блок” пуужин 60 ширхгийг дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэх, мөн агаар-агаар ангиллын 100 ширхэг Сайдвиндер тактикийн пуужин худалдахаар тусгасан энэхүү хэлцлийг одоо Конгресс нэг сарын хугацаанд судлан шийдвэрлэх ёстой аж.
Тэгвэл, Вашингтон дахь Хятадын элчин сайдын яамны зүгээс Америкийн засаг захиргааны дээрх шийдвэр Вашингтон-Бээжингийн харилцаанд ноцтой аюул учруулахыг тэмдэглэлээ. Мөн шийдвэрээ нэн даруй эргүүлэн татахыг уриалж, эсрэг тохиолдолд “ Хятад улс хууль ёсны бөгөөд шаардлагатай хариу арга хэмжээг авах болно” гэдгийг мэдэгдсэн байна.
Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж үздэг Бээжингийн зүгээс шаардлагатай нөхцөлд арлыг эх газартай хүчээр нэгтгэх болно гэж мэдэгддэг. Сүүлийн 25 жилийн түүхэнд анх удаа өнгөрөгч 8 дугаар сарын эхээр АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилсны улмаас Хятад улс тус арлын орчимд асар өргөн хүрээтэй цэргийн сургуулилт явуулсан.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Дональд Трампын үед Хятадын импортын бараанд олон тэрбумын татвар ногдуулсан шийдвэрийг Байдений засаг захиргаа хэсэгтээ хэвээр үлдээх бодолтой байгаагаа мэдэгдсэн нь Бээжингийн дургүйцлийг төрүүлэх бас нэг алхам болж байгааг хэвлэлүүд дурдаж байна.
2018-2019 онд ногдуулж ирсэн гаалийн татварыг хэвээр үргэлжлүүлэх санал аж ахуйн нэгжүүд болон ашиг сонирхол бүхий бусад талаас хүлээж авсан гэдгээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас мэдэгдсэн юм. Америкийн эрх баригчид инфляцын хөөргөдлийг дарах арга хэмжээний хүрээнд дээрх татварыг цуцлах боломжийг судалж байсан юм.
Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Байден баасан гарагт мөн, Украинд 13,7 тэрбумын шуурхай санхүүжилт шийдүүлэх хүсэлтээ Конгресст танилцуулсан байна.
Пентагоноос өнгөрсөн 7 хоногт мэдээлснээр, АНУ одоогийн байдлаар, Украинд нийт 13 тэрбум гаруй долларын цэргийн тусламж үзүүлээд байгаа юм.
АНУ-аас Тайваньд 1,1 тэрбум долларын зэвсэг худалдах хэлцлийг зөвшөөрчээ | ||
Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.