Шууд Chart

Япон улсын засгийн газар үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авна

2022-09-07 16:24:05

Япон улсын засгийн газар, үнийн өсөлтийн эсрэг нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгдлээ. Энэ удаад шатахууны өсөлтөөс үүсэх санхүүгийн дарамтыг бууруулах, цахилгаан эрчим хүч, хийн үнийг тогтворжуулах чиглэлд тодорхой арга хэмжээ авах юм байна.

Тодруулбал, Ази тивийн хэмжээнд, эдийн засгаараа 3-рт эрэмбэлэгддэг Япон улс, үнийн өсөлттэй тэмцэх арга хэмжээ авсаар байна. Тухайлбал, өнгөрсөн сард, тус улсын засгийн газар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн тэр дундаа улаан буудайн импортын үнийг бодлогоор барьж, үнэ тогтворжуулах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Кишида Фүмио, ард олондоо санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсооход чиглэсэн шийдвэртэй алхам хийхээ мэдэгдсэн.

Японы засгийн газрын ажлын хэсгийн хуралдаанд, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэж, дотоодын гурилын үйлдвэрүүдэд борлуулж буй импортын улаан буудайн үнийг одоогийн түвшинд барих арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Токио, сүүлийн 14 жилийн хугацаанд, анх удаа хүнсний хамгийн гол бүтээгдэхүүн болох улаан буудайн үнийг царцаах арга хэмжээ авч байгаа нь энэ юм. Хэрвээ одоогоос эхлэн үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахгүй байх нөхцөлд, ирэх 10 дугаар сар гэхэд, импортын улаан буудайн үнэ 20 орчим хувиар өсөх тооцоог эдийн засагчид гаргажээ. ОХУ Украины хямралтай холбоотойгоор, дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт тасалдаж, үүний улмаас үнэ өсөж, хомсдол бий болсон.

Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор, Японы засгийн газар импортын улаан буудайн борлуулалтын үнийг 17,3 хувиар өсгөж баталсан юм. Энэ нь, 2007 оноос хойш, хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тус улсын засгийн газар, жилд 2 удаа улаан буудайн үнийг жилийн дундажтай харьцуулан шинэчлэн тогтоодог. Дотоодын улаан буудайн хэрэглээний 80 хувийг гаднын орнуудаас авдаг Япон улсын хувьд, түүхий эдээ импортолж, улмаар нийлүүлэлтээ тогтмол хангахын тулд, дотоодын тээрэмдэх компаниудад борлуулдаг аж.

Японы засгийн газар, ирэх сард үнэ тогтворжуулах тухай багц арга хэмжээг боловсруулж, үүнд 35 тэрбум америк доллар зарцуулахаар төлөвлөжээ. Токиогийн хувьд, эрчим хүч, хүнсний импортоос ихээхэн хамааралтай байдал нь, Японы эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж, энэ сорилтыг даван туулах нь, одоо Кишидагийн засгийн нэн тэргүүний зорилтуудын нэг болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсын засгийн газар үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авна   
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй