
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн пүрэв гарагт Украины нийслэл Киев хотноо тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский болон бусад өндөр дээд албан тушаалтнуудтай уулзалт хэлэлцээ хийлээ.
Энэ үеэр Жо Байдены засаг захиргаа Украин болон НАТО-гийн гишүүн орнууд, мөн бүс нутгийн аюулгүй байдлын түнш зэрэг 18 улсад урт хугацааны цэргийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Үүнд нийт 2.8 тэрбум америк долларыг зарцуулахаар төсөвлөсөн байна. Үүнээс Украин улсад 1 тэрбум америк долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа бол, үлдсэн хэсгийг Албани, Болгар, Хорват, Чех Эстони, Гүрж, Грек, Косово, Латви, Литва, Молдав, Монтенегро, Хойд Македон, Польш, Румын зэрэг нийтдээ 18 улс оронд цэргийн тусламж үзүүлэх юм байна.
АНУ-ын төрийн департаментын мэдэгдэж байгаагаар НАТО-той цэргийн интеграцчилалыг илүү хөгжүүлж, Оросын нөлөө, түрэмгийллийн эсрэг тэдгээр улс орнуудад өөрсдийн газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд заналхийлж буй аливаа аюулаас сэргийлэх, хамгаалахад туслах учиртай гэж мэдэгдэж байна.
Цагаан ордон, ОХУ-ын түрэмгийлэлд өртөх өндөр эрсдэлтэй гэсэн шалтгаанаар эдгээр 18 улсад урт хугацааны цэргийн нэмэлт тусламж үзүүлж байгаагаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэж байна.
Мөн АНУ-аас Украинд үзүүлж байгаа дараагийн тусламж дэмжлэг нь Украины армийн Оросын эсрэг явуулж буй сөрөг довтолгоог амжилттай болгоод зогсохгүй, Украины зэвсэгт хүчнийг зэвсэг техникийн хувьд давуу байдал олгох зорилготой юм байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлсэн цагаас хойш Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Украин улсад 2 дахь удаагаа очиж, Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзалт хэлэлцээ хийлээ.
Цагаан ордноос Энтони Блинкений энэ айлчлал нь Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж буй Украин улсыг тууштай бөгөөд бодитоор дэмжиж байгаагаа нотлон харуулж байгаагийн нэг илрэл гэж мэдэгдэж байна.
Үүний зэрэгцээ Энтони Блинкений Украины айлчлалтай зэрэгцээд Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Украин улсад 675 сая америк долларын өртөг бүхий хүнд төрлийн зэвсэг, сум, хуягт тээврийн хэрэгслийн цэргийн тусламж үзүүлэхээ мөн мэдэгдэж байна.
Украины Ерөнхийлөгч, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар Киев хотноо хэлэлцэв | ||
Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.