Шууд Chart

АНУ: Хорт хавдрын судалгаа туршилтыг дэмжих хөтөлбөрүүдийг эхлүүлэв

2022-09-14 12:57:46

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хорт хавдрын судалгаа шинжилгээний ажлуудад дэмжлэг үзүүлэх олон тооны хөтөлбөр эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Хавдрын шалтгаант нас баралтыг дараагийн 25 жилд хоёр дахин бууруулах зорилготой энэ хүчин чармайлтын талаар тэрбээр даваа гарагт зарласан байна. АНУ-д хорт хавдрын шалтгаант нас баралт, зүрхний өвчний дараа орох хэмжээнд зонхилон тохиолддог. Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын тоог одоогийнхоос хоёр дахин бууруулах энэ зорилтыг америкийн эрх баригчид Сар руу хүн хөөргөхтэй дүйцэхүйц хэмжээнд чухалчилж байгаа аж.

Ерөнхийлөгч асан Обамагийн үед эхлэл нь тавигдсан “Кэнсер мүүншот” санаачилгыг сэргээн хэрэгжүүлэх хүрээндээ Ерөнхийлөгч Байден, 1960-аад онд Зөвлөлт, Америк хоёр сар руу хүн илгээхийн төлөө өрсөлдөж байсан үеийнх шиг эрч далайцыг олон нийтэд мэдрүүлэхийг хичээж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна. “Бидний мэддэг хорт хавдар гээч өвчнийг эмчилж эдгэрүүлдэг, хойшид огт байхгүй болгохын төлөө өөрт байгаа бүх хүч боломж, авьяас чадвараа нэгтгэн дайчлах үндэсний хэмжээний нэгдмэл, хойшлуулшгүй зорилтыг хэрэгжүүлж чадна” гэж Байден хэлжээ. Байдений зарласан шинэ хөтөлбөрүүдийн хүрээнд, биотехнологийн салбарт шинээр хөрөнгө санхүүжилт төсөвлөх эрх засгийн газарт олгогдож байна.

Гэхдээ яг хэдий хэмжээний хөрөнгө санхүү, хэрхэн шийдвэрлэх тухайд Цагаан ордны тэргүүн тодруулаагүй байна. Гэхдээ төрөөс санхүүжилт авч байгаа бүх технологийг улсынхаа дотоодод үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлжээ. “Ганцхан шинжилгээгээр олон төрлийн хорт хавдрыг илрүүлдэг болно гэж амлаж байгаа цусны шинжилгээний аргачлалыг боловсруулах ажил ихээхэн анхаарал татаж байгаагийн дээр, хавдрыг эрт үед нь, илүү бодитой оношилдог болоход чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж байна. Хөтөлбөрийг хариуцсан Цагаан ордны зохицуулагч Даниэль Карнивал энэ тухай мэдэгдсэн байна.

Байден түүнчлэн, дархлааны ДНХ-д суурилсан эмчилгээний аргууд нэвтрэх боломжийн талаар мөн ярьсан. Дээрх шинэ хөтөлбөрүүдийн тоонд, хорт хавдар, зөнөх өвчин, чихрийн шижин болон бусад өвчний эсрэг эм эмчилгээ боловсруулах, мөн хангалттай судлагдаагүй хавдруудыг анагаах чиглэлд судалгаа явуулж байгаа шинэ залуу эрдэмтдийг дэмжих зэрэг төслүүдийг хариуцах Эрүүл мэндийн Хэтийн судалгааны агентлаг байгуулах ажил мөн багтжээ.

“Хорт хавдар тусах нь цаазын ял мэт байдаг үеийг халж, ийм өвчтэй байлаа ч эсэн мэнд амьдрах боломжийг хүмүүст бүрдүүлж өгөх нь бидний зорилго” гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ.

2015 онд тэрбээр өөрийн 46 настай хүү Бью Байденийг хорт хавдрын улмаас алдаж байжээ. Үүний дараахан Ерөнхийлөгч Обама түүнд, “Кансер мүүншот” хөтөлбөрийг тэргүүлэн ажиллахыг даалгаж байсан байдаг. 1,8 тэрбум долларын өртөг бүхий хорт хавдрын судалгаа туршилтын энэ хөтөлбөр 7 жилийн хугацаатайгаар эхэлж байсан, мөн өвчтөнүүдийг эмчилгээний клиник туршилтуудад оролцуулах тал дээр холбооны засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр тусгасан байдаг аж.


АНУ: Хорт хавдрын судалгаа туршилтыг дэмжих хөтөлбөрүүдийг эхлүүлэв  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй