
Өнгөрөгч өдрүүдэд олон улсын анхаарлын төвд байгаа сэдэв бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Хатан хаан 2-р Элизабет таалал төгсөж, түүнийг эцсийн замд үдэх бэлтгэл ажлын талаар юм.
Хатан хаантай салах ёс хийх гэсэн олон нийт Гэгээн Гилийн сүм болон Букингэмийн ордонд олноор хүрэлцэн ирсэн байна.
Мягмар гарагийн өглөө Хатан хааны шарил байрлаж байсан Эдинбургийн Гэгээн Гилийн сүм Хатан хаантай салах ёс хийхийг хүссэн олон нийтэд үүдээ нээсэн юм. Тиймээс иргэд өглөө эртлэн сүмд хүрэлцэн ирж, урт дараалал үүсгэн Хатан хаантайгаа салах ёс хийсэн байна. Гэхдээ сүмд нэвтрэхийн тулд аюулгүй байдлын өндөр шалгалтаар орох ёстой бөгөөд том хэмжээтэй цүнх, хурц эд зүйлс, идэх уух зүйлс зэргийг оруулахыг хоригложээ.
Хатан хаантай салах ёс хийхийг хүссэн иргэд хол ойроос зорьж, хүрэлцэн ирээд байгаагаа ярьсан байна. Жишээ нь, Шэйла Маклэй нөхөр Ричардын хамтаар Эдинбургээс 30 минутын зайтай газраас салах ёс хийхээр зорин ирсэн бөгөөд “Хатан хаан манай улсын гайхалтай элч төлөөлөгч байлаа. Сүр жавхлант Хатан хаан дотроосоо ч, гаднаа ч үзэсгэлэнтэй хүн байсан. Би бүх л амьдралынхаа туршид түүнийг мэдэх бөгөөд маш ихээр санагалзаж байна” гэж гашуудан ярьжээ.
Ийнхүү ард түмэн Хатан хааныгаа дурсан ярьж, гашуудан, салах ёс хийсээр байна. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар сүүлийн 24 цагийн хугацаанд ойролцоогоор 33000 хүн Хатан хаантай салах ёс гүйцэтгэхээр ирээд байгаа юм.
Түүний шарилыг Эдинбургээс Лондон руу онгоцоор зөөвөрлөн Букингэмийн ордонд авч ирээд байна. Энд мөн хүмүүс олноор цугларан, зам дагуу эгнэн зогсож, гар утасныхаа гэрлийг асааж ойр орчмоо гэрэлтүүлсэн байна.
Лондонд эхний зогсоол нь Букингэмийн ордон байх бол удалгүй шарилыг салах ёслол болох Уэстминстэрт хүргэх юм байна. Хатан хааныг эцсийн замд үдэх ёслол ирэх Даваа гарагт орон нутгийн цагаар 11:00 цагт Уэстминстэрт болно.
Хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр олон нийт хүрэлцэн иржээ | ||
Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.