
2016-2021 оны хооронд албадан хөдөлмөр болон албадан гэрлэлтийн золиос хүмүүсийн тоо 10 сая орчмоор нэмэгджээ. НҮБ-ын хоёр агентлагийн хамтарсан тайлан илтгэл ингэж гарсан байна. Коронавирусний цар тахал болон уур амьсгалын өөрчлөлтийг үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлс гэж шинжээчид дүгнэж байгаа аж.
НҮБ-ын Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас даваа гарагт танилцуулсан судалгаагаар, өнгөрсөн таван жилийн дотор 50 сая шахам хүн албадан хөдөлмөр болоод албадан гэрлэлтийн золиос болжээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар, дэлхий даяар 28 сая хүн бусдын эрхэнд хөдөлмөр эрхэлж байсан бол, 22 сая орчим хүн өөрийн хүсэл зоригоос гадуур гэрлэсэн гэсэн үзүүлэлт гарч байсан байна.
Орчин цагийн боолчлолд өртөж байгаа хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд ийнхүү эрс нэмэгдсэн харамсалтай тоо баримтыг НҮБ-ын хоёр агентлаг болон Walk free foundation сан хамтарсан судалгаагаар тогтоосон юм байна. Бусдын эрхшээлд хөдөлмөр эрхэлж байгаа нийт тохиолдлын талаас илүү хувь нь өндөр болон дунджаас дээш орлоготой улс орнуудад гарч байгааг Олон улсын Хөдөлмөрийн байгууллага онцолжээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тэргүүн Гай Райдер энэ нөхцөл байдлыг “цочирдмоор” гэж тодорхойлоод, “хүний суурь эрхийг зөрчдөг ийм хандлага байсаар байгааг юугаар ч зөвтгөх аргагүй юм” гэж мэдэгджээ. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврууд, зэвсэгт мөргөлдөөнүүд хүн ардын ажил эрхлэлт болоод боловсролын байдлыг урьд байгаагүйгээр доройтуулж, үгүйрэл ядуурал газар авахад нөлөөлж, арга буюу аюул эрсдэлтэй замаар дүрвэж цагаачлагчдын урсгалыг ихсэхэд хүргэж байна. Хүчээр хөдөлмөр эрхэлж байгаа 5 хүн тутмын нэг нь хүүхдүүд байгааг, тэдний талаас илүү хувь нь бэлгийн мөлжлөгт өртөж байгааг тайланд өгүүлсэн байна.
Үүний зэрэгцээ цагаач ажилчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөх байдал цагаач бус хүмүүсийнхтэй харьцуулахад гурав дахин гаруйгаар түгээмэл тохиолддог байна. “Шилжилт хөдөлгөөний үйл явцыг бүхэлд нь аюулгүй, дэг журамтай, хууль ёсны дагуу явагдах нөхцөлийг нэн яаралтай хангах шаардлагатай байгааг тайланд цохон заасан” гэж НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын тэргүүн Антонио Виторино мөн мэдэгджээ.
Үүнээс гадна дэлхий дээр өнөөдөр албадан хөдөлмөрт нухлагдаж байгаа хүмүүсийн 14 хувь нь төрийн дарамт шахалтад өртсөн хүмүүс байгааг энд бас дурдсан байна.
Тэр дундаа, АНУ зэрэг улсуудад хоригдлуудаар албадан хөдөлмөр эрхлүүлдэг байдалд сэтгэл зовоож байгааг дурдаж, Хятадын Шинжааны бүс нутагт уйгур иргэдийг хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх лагериудад залхаан цээрлүүлэх хөдөлмөр эрхлүүлдэг байж болзошгүй байдлыг дурдсан байна.
Харин Хятадын эрх баригчид үүнийг эрс үгүйсгэж, өнгөрсөн сард албадан хөдөлмөрийн эсрэг хоёр ч тунхаг баталснаа мэдэгджээ.
НҮБ: Орчин цагийн боолчлолд байгаа хүмүүсийн тоо 10 сая орчмоор нэмэгдсэн | ||
Үзсэн: 366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.