
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын удирдагч Ши Жинпинь энэ өдрүүдэд Казакстанд айлчилж байна. Энэ нь Ковид 19 цар тахлаас хойш түүний гадаад улсад хийж буй эхний айлчлал болж байгаагаараа онцлог юм.
Тодруулбал, БНХАУ-ын дарга Ши Жинпинийг Казакстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев лхагва гарагт Нурсултан дахь Ерөнхийлөгчийн ордонд угтан авлаа. Түүний энэ айлчлал Вашингтон, Япон, Энэтхэг зэрэг улстай харилцаа хурцадмал байгаа энэ үед Хятадын стратегийн бодлогыг Орос болон Төв Азийн орнуудтай бататгахад чухал ач холбогдолтой гэж хэвлэлийнхэн онцолж байна.
Токаевийн засгийн газраас мэдээлснээр 2 улсын тэргүүн нар эрчим хүчний зах зээл, дэлхийн эдийн засгийн хямралын талаар голчлон авч хэлэлцэх юм байна. 19,4 сая хүн амтай Казакстан улс нь газрын тос, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч орон юм. Хятад улсын хувьд Казакстаны энэ салбарын тэргүүлэх худалдан авагч орон болохыг олон улсын тоймчид цохон тэмдэглэжээ.
Хятадын удирдагч энэ айлчлалын дараа Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдах Шанхайн хамтын ажиллагааны уулзалтад оролцох юм байна. Энэ хүрээнд тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин болон бусад Төв азийн аюулгүй байдлын бүлгийнхэнтэй энэ долоо хоногийн сүүлээр уулзалт хэлэлцээ хийхээр төлөвлөсөн гэдгийг орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлсэн.
Владимр Путин, Ши Жинпин нар өнгөрөгч 2 дугаар сараас хойш буюу Украйны дайн эхэлсэн цагаас хойш биечлэн уулзаж байгаа анхны уулзалт нь энэ удаагийнх болж байгаа юм байна.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь Казакстанд айлчилж байна | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.