
Их Британи улс ирэх 2023 онд Украинд 2.63 тэрбум америк доллараас багагүй хэмжээний цэргийн тусламж үзүүлэх бодолтой байна.
Энэ тухайд Ерөнхий сайд Лиз Трасс энэ 7 хоногт НҮБ-ын ЕА-н 77-р чуулганд үг хэлэх үеэрээ зарлах талаар “Файнэншл таймс” сонинд мэдээлснийг олон улсын хэвлэлүүд иш татаж байна. Лиз Трасс Британийн Ерөнхий сайдын ажлаа хүлээж авсаар анхны гадаад айлчлалдаа ийнхүү Нью-Йоркт болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейг зорьсон байна.
Лиз Трасс энэ сарын эхээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ Лондоны зүгээс урт хугацаанд дэмжлэг үзүүлнэ гэдэгт Киевийг итгэлтэй байж болно гэж нотолж байсан юм.
Өмнөх Ерөнхий сайд Борис Жонсоны тухайд Украинд цэргийн нэмэлт тусламж үзүүлэхэд Лондон 1.2 тэрбум фунт стерлинг хуваарилна гэж өнгөрсөн зургаадугаар сард зарлаж байсан. Мөн агаарын довтолгооноос хамгаалах цогцолбор систем, нисгэгчгүй нисдэг аппаратууд, радио электрон бөмбөг хөтлөх инновацлаг төхөөрөмжүүд зэргийг Киев тусламжинд авах болно гэж Жонсон мэдэгдэж байжээ.
Одоогийн байдлаар энэ оны эхнээс хойш Украинд хуваарилсан Британийн цэргийн тусламжийн хэмжээ 2.3 тэрбум фунт стерлинг буюу 2.8 тэрбум америк долларт хүрээд байгаа гэдгийг тус улсын Ерөнхий сайдын албанаас цохон мэдэгдсэн байна.
Үүнээс илүү гарах хэмжээний цэргийн тусламжийг зөвхөн АНУ үзүүлсэн байгааг ажиглагчид мөн дурдаж байна. Энэ жилийн туршид Украинд үзүүлсэн эдийн засгийн болоод хүмүүнлэгийн тусламжуудыг оруулаад Их Британи улс нийтдээ 4.6 тэрбум фунт стерлингийн тусламж олгосон дүн гарч буй юм байна.
Дайны улмаас Украины эдийн засаг энэ онд 30 хувь унана гэдэг тооцоог Европын сэргээн босголт, хөгжлийн банк хийсэн бол, ОУВС энэ уналт 35 хувьд хүрнэ гэж үзсэн байдаг байна. Шинжээчид цэрэг дайны ажиллагаа Орос, Украины аль алинд хор уршиг учруулах ч, Украины эдийн засагт учрах хохирлын дүн 30 хувьд, харин ОХУ-ынх 10-аад хувьд байхыг мөн тэмдэглэж байжээ.
Файнэншл таймс: 2023 онд ИБУИНХУ Украинд 2.63 тэрбум ам.долларын цэргийн тусламж олгоно | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.