Шууд Chart

Наймдугаар сард Европын холбооны орнуудад талхны үнэ 25 орчим хувь өсжээ

2022-09-21 13:15:17

Энэ оны наймдугаар сард Европын холбооны хэмжээнд талхны үнэ бараг тавны нэгээр өссөн үзүүлэлттэй байгааг "Ройтерс" мэдээллээ.

Энэ нь үр тариа болон бордооны томоохон нийлүүлэгч Украин улсад дайн хямрал үргэлжилсээр байгаагийн улмаас дэлхийн зах зээлийн хэвийн нөхцөл алдагдаж, инфляц ерөнхий дүнгээрээ хурдтай өсч байгаагаас үүдэлтэй гэж тоймчид дүгнэж байна.

Украины дайны улмаас Хар тэнгисийн боомтуудаар гардаг үр тарианы экспорт саатаж, мөн Оросын бордоо үйлдвэрлэгчид Балтийн тэнгисийн боомтуудыг ашиглах боломж нь хаагдсан. Үүний улмаас дайн эхэлсэн хоёрдугаар сараас хойш дэлхийн зах зээлд улаанбуудайн үнэ нэмэгдсэн.

Өнгөрөгч наймдугаар сард Европын холбооны хэмжээнд талхны үнэ жилийн өмнөхөөс 18 хувиар өссөн дүнтэй гарсныг "Евростат" байгууллагаас даваа гарагт нийтлүүлсэн статистик мэдээ харуулж байна.

Европын Статистикийн байгууллага энэ талын тоо баримт цуглуулж эхэлсэн 2017 оноос хойших түүхэнд энэ нь хамгийн өндөр өсөлт болж тэмдэглэгдэж байна. Жилийн өмнө буюу 2021 оны наймдугаар сард талхны үнэ жилийн дүнгээрээ 3 хувийн өсөлттэй гарч байсан байна.

Үүний зэрэгцээ үнийн өсөлт хамгийн өндөртэй улсуудад Унгар, Литва улс орж байна. Унгарт өнгөрсөн нэг жилийн хугацаанд талхны үнэ дунджаар 66 хувиар нэмэгдсэн байгаа бол Литвад 33 хувь өсжээ.

Харин энэ өсөлт хамгийн бага байгаа орны тоонд 8 хувь өссөн Франц, ард нь тус бүр 10 хувь үнэ өссөн дүнтэй Нидерланд, Люксембург улс орсон байна.

ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа гээчийг явуулж эхлэх үед буюу хоёрдугаар сард дунджаар 8.3 хувь өссөн талхны үнэ Европын холбооны хэмжээнд оны туршид тасралтгүй өсөж өнөөдрийг хүрчээ. 

Наймдугаар сарын байдлаар талх болон буудайн үнэ нийтдээ 16.6 хувиар өссөн байгаа нь 1997 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт болоод байна.

Мөн өнгөрөгч сард евро бүсийн инфляц түүхэн дээд үзүүлэлт 9.1 хувьд хүрч өссөн нь эрчим хүчний түүхий эд болон хүнсний бүтээгдэхүүний огцом өсөлтөөс шалтгаалжээ.

Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхины үнэ жилийн дүнгээрээ 2.25 нэгж хувиар дээшилсэн үзүүлэлттэй гарсныг “Евростат”-ын мэдээнд мөн дурдсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Наймдугаар сард Европын холбооны орнуудад талхны үнэ 25 орчим хувь өсжээ   
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй