Шууд Chart

Италид хэт барууны үзэлт эвсэл парламентын олонхи болж магадгүй

2022-09-26 14:43:04

Италид ням гарагт явагдсан бүх нийтийн сонгуульд хэт барууны үзэлт эвсэл 41-45 хувийн саналаар ялалт байгуулж магадгүй байна. Одоогоор санал тоолох үйл явц үргэлжилж байгаа.

Энэ дүн батлагдсан нөхцөлд Жоржиа Мелонигийн тэргүүлсэн хэт барууны үзэлт эвсэл парламентын хоёр танхимд хоёуланд нь хяналтаа тогтоох боломж бүрдэх юм.

Улмаар 45 настай Жоржиа Мелони Итали улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болох магадлал өндөр байгааг сонгуульд саналаа өгсөн сонгогчдын дундах асуулга болон бусад судалгаа харуулж байна. Мелонигийн хувьд, Италийн дарангуйлагч асан Бенито Муссолинийн үеийн уриа лоозон дэвшүүлснээрээ нэлээд зөрчил дуулиан дэгдээж байсан. Энэ улстөрч бас Европын Холбооны дүрвэгчдийн талаарх бодлогыг удаа дараа шүүмжилж ирсэн.

Мөн тэрбээр Ковидын дараа эдийн засгаа сэргээхэд зориулж Европын холбооноос олгосон 200 тэрбум шахам еврогийн зээл тусламжийн хариуд Италид явуулахаар амласан шинэчлэлүүдээс буцах санаа илэрхийлдэг. Эрчим хүчний хямралаас болж нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгээр тэр энэ санаагаа хамгаалахыг оролддог байна. Энэ удаагийн Италийн бүх нийтийн сонгуульд ийм дээгүүр үзүүлэлттэй байгаа хэт барууны үзэлт эвслийг Мелонигийн Италийн ахан дүүс нам тэргүүлдэг.

Энэ эвсэлд ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн Форза Италия нам, бас дотоод хэргийн сайд асан Маттео Салвинигийн “Лига” намууд мөн багтдаг. Берлусконийн намын тухайд Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай найз нөхдийн харилцаатай гэгддэг бол, Салвини Оросын эсрэг Европын холбооны тогтоосон хориг арга хэмжээг буруутгасан байр суурь илэрхийлж байсан. Тиймээс ч энэ эвсэл засгийн эрхэнд гарах нөхцөлд Украин болон бусад томоохон асуудлаарх Европын Холбооны нэгдмэл байдал доголдож болзошгүй гэдгийг шинжээчид тэмдэглэдэг.

Италийн зүүний чиглэлтэй хүчнүүдийг Энрико Леттагийн Ардчилсан нам, Жузеппе Контигийн тэргүүлдэг “Таван од” хөдөлгөөн тэргүүлдэг. Урьдчилсан асуулгуудаас харахад, зүүний энэ хоёр нам сонгогчдын дэмжлэгийг хүлээх байдлаараа хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Үүний зэрэгцээ ням гарагт өглөөний 7 цагаас 23 цаг хүртэл санал хураах байрууд нээлттэй ажилласан боловч сонгогчдын ирц нэлээд доогуур 63,82 хувьтай байсан тухай италийн дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Энэ нь өмнөх 2018 оны сонгуулийнхаас бараг 10 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Тэр дундаа Сицили зэрэг италийн өмнөд мужуудад сонгуулийн ирц онцгой муу байсан дүнтэй байгаа юм байна. Итали улс сонгуулийн эрхтэй нийт 51 сая сонгогчтой юм. Энэ зуур шинжээчид, Жоржия Мелонигийн хэт барууны эвсэл ялалт байгууллаа ч Ерөнхий сайд хэн болохыг Италийн Ерөнхийлөгч шийддэг журамтайг сануулж байна. Гэхдээ тийм нөхцөлд нэлээд хугацаа орж мэднэ гэдгийг мөн тэмдэглэж байгаа юм.


Италид хэт барууны үзэлт эвсэл парламентын олонхи болж магадгүй   
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй