Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ЮНЕСКО-д илгээсэн дурсгалыг гардуулав

2022-09-27 14:37:28

Бүгд Найрамдах Франц Улсад 2022 оны 09 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын соёлын өдрүүд цогц арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн Төв байранд Монгол Улсын Үндэсний их театрын уран бүтээлчдийн "Нүүдэлчдийн домог" тоглолт болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэсэн батламжийн агуулга бүхий бэлэг дурсгалыг ЮНЕСКО-д илгээснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Туяацэцэг ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос-т энэхүү тоглолтын өмнө гардуулж өгөв.

Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей энэ оны 07 дугаар сард Монгол Улсад албаны ёсны айлчлал хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхан, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэсэн батламжийг гардуулж өгсөн билээ.

Цогц арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол, Францын парламент хоорондын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, Соёлын дэд сайд М.Батбаяр, Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү зэрэг албаны хүмүүс, мөн Францын Сенат, яамд, Тамгын газар, Парис хот, Парист төвтэй олон улсын байгууллагууд, гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрууд, Европ тивд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 1200 орчим зочин, төлөөлөгч оролцлоо.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ЮНЕСКО-д илгээсэн дурсгалыг гардуулав  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй