Гаалийн байгууллагаас гааль-бизнесийн хамтын ажиллагааг сайжруулах, барааны ангилал, хэмжих нэгжийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор “Цонх, шилэн фасад үйлдвэрлэлийн хөгжлийн төв”-ийн саналын дагуу Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон тус төвтэй хамтран хуванцар ба хөнгөн цагаан цонх, барилгын шил, шилэн фасадын барааны ангилал, хэмжих нэгжийг оновчтой тодорхойлох чиглэлээр уулзалт зохион байгуулж, холбогдох судалгаа, дүн шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү ажлын үр дүнд Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар “Барилгын хуванцар болон хөнгөн цагаан цонх, тэдгээрийн бэлдэц мөн барилгын шил, шилэн фасад эдгээр барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжид өөрчлөлт оруулсан байна.
Тодруулбал, БТКУС-ийн ангиллын 3925.20.10 (хуванцар хаалга), 3925.20.20 (хуванцар цонх), 7610.10.00 (хөнгөн цагаан цонх, хаалга, хүрээ) кодод хамаарах бараануудын ангиллын хэмжих нэгжийг өмнө нь ширхэг, килограмм зэрэг ялгаатай байдлаар тооцдог байсан бол шинэчлэн квадрат метрээр (м²) мөн БТКУС-ийн ангиллын 3925.20.30 (цонх, хаалганы хүрээ), 7008.00.00 (олон давхар ханатай тусгаарлагч шил) кодод хамаарах барааны ангиллын хэмжих нэгжийг өмнө нь килограммаар тооцдог байсан бол шинэчлэн мөн квадрат метрээр (м²) тооцдог болгон тус тус өөрчилсөн байна.
Ингэснээр дээрх нийт 134 нэр төрлийн барааны бичиглэл ижилтгэн шинэчлэгдэж, квадрат метрээр хэмжигдэх зохицуулалттай болжээ.
Тус ажлын үр дүнд барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх нөхцөл бүрдэх, гаалийн бүрдүүлэлтийн хугацаа богиносох, татварын орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж нэмэгдэх мөн гадаад худалдааны статистик мэдээллийн бодит байдал сайжрах зэрэг олон талын ач холбогдол, эерэг өөрчлөлтүүд гарч байна.
Хамтын ажиллагааны үр дүнг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон холбогдох байгууллагууд эергээр үнэлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ гэж ГЕГ-аас мэдээллээ.

| Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв | ||
| Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.