Цагдаагийн ерөнхий газар, “Яруу арт” продакшнтай хамтран архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, иргэд, олон нийтэд зөв хандлага түгээх, согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Судалгаагаар архины хордлого болон түүнтэй холбоотой гэмтэл, бэртлийн улмаас 2020–2024 оны хооронд нийт 15,600 хүн нас барсан нь жилд дунджаар 3,600 орчим хүн амь насаа алдаж байгаа гэх харамсалтай тоон мэдээлэл байна.
Тухайлбал, 2024 онд дан ганц спиртийн хордлогын улмаас 1000 хүн нас барсан бөгөөд энэ нь сард дунджаар 81 хүн амь насаа алдсан үзүүлэлт юм.
Архины хордлогоор нас барсан 10 хүний 8 нь эрэгтэй байгаа нь эрэгтэйчүүдийн дунд архины зохисгүй хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь анхаарал татах асуудал болж байна.
2019-2026 оны хооронд бүртгэгдсэн гэмт хэргийн судалгаанаас үзэхэд:
- Хүнийг алах гэмт хэргийн 63 хувь
- Гэр бүлийн хүчирхийллийн 43 хувь
- Хүчиндэх гэмт хэргийн 70 хувь
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 47 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.
Түүнчлэн архины хэрэглээ нь зам тээврийн осол, хөдөлмөрийн бүтээмж буурах, гэр бүлийн харилцаа доголдох, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсэх зэрэг олон талын сөрөг үр дагаврыг бий болгодог. Тиймээс иргэдийг зөв дадал, хэвшилд уриалах, архины хор уршгийг таниулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой “Амьдралд хайртай” аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэхүү аян нь “Амьдралд хайртай” уран сайхны кинотой уялдан зохион байгуулагдаж байгаа юм. Уг уран сайхны кино энэ 04 дүгээр сарын 10-ны өдөр нээлтээ хийж, улсын хэмжээнд кино театруудаар гарч, олон нийтэд хүрэх юм.
| Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна | ||
| Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.